Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын агуйд гацсан хүүхдүүдийг аврах төлөвлөгөөг Илон Маск боловсруулж, инженерүүдээ илгээжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Тайландын хойд нутагт хөлбөмбөгийн багийн гишүүн 12 хүүхэд, дасгалжуулагчийн хамт агуйд түгжигдээд байгаа билээ. Зургаадугаар сарын 23-нд агуйд аялж явах үед нь үерийн ус цутгаж, тэднийг гарах аргагүй болгосон юм. Хөвгүүдийн байгаа агуйн хэсэг амсраасаа бараг 4 км зайтай.

Улмаар 10 орчим хоногийн дараа буюу өнгөрсөн Даваа гарагт тэдний байрлалыг илрүүлж, одоог хүртэл аврах ажиллагаа үргэлжилж байгаа. Удахгүй орох их хэмжээний бороо, агуйн хэсэг дэх хүчилтөрөгчийн нөөц багасч байгаа зэрэг аюултай аврагчид цаг наргүй тэмцсээр байна.

 

Тэгвэл Tesla, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск тэдэнд туслах хүсэлтээ өнгөрсөн Лхагва гарагт Тайландын засгийн газарт илэрхийлжээ.

Улмаар тэр аврах төлөвлөгөө боловсруулж, инженерүүдээ Бямба гарагт Тайланд руу илгээхээр болсон байна. Маск өчигдөр төлөвлөгөөнийхөө талаар твиттер хуудсандаа товч бичжээ.

Тэр 1 метрийн диаметртэй нилон хоолойг (агуйн нарийн хэсгээр үүнээс ч нарийхныг) татаж, хөвгүүдийн байгаа газарт хүргээд түүнийгээ агаараар хийлэх гэнэ. Ингэж гаргасан агаартай уян хоолойгоор хөвгүүдийг мөлхүүлж гаргах боломжтой гэж тэр тайлбарлажээ.

Сансрын болон хонгилын мэргэжилтэн хоёр инженер өнөөдөр Тайландыг зорьж байгаа гэнэ. Маскийн үүсгэн байгуулсан Boring компани хонгилоор өндөр хурдтай зорчигч тээврийн хэрэгслийг дамжуулах технологи туршиж байгаа юм. 

Агуйн хамгийн нарийн хэсэгт диаметр нь дөнгөж 70 см хүрч байгаа ба тэр хэсэг нь усаар дүүрээд байгаа юм. Одоогоор Тайландын эрх баригчид агуйн усыг соруулах арга хэмжээ авч байгаа бөгөөд удахгүй эхлэх үргэлжилсэн бороо агуйг усаар дүүргэж эхэлбэл хөвгүүдэд шумбагчийн хувцас өмсгөн авч гарахаар төлөвлөжээ.

Гэвч ингэх нь усанд шумбаж чаддаггүй хүүхдүүдэд хүнд сорилт болох юм.

Хөвгүүд нь орон нутгийн хөлбөмбөгийн Зэрлэг Баавгайнууд багийн тоглогчид бөгөөд 11-16 насныхан ажээ. Тэдний дасгалжуулагч 25 настай залуу хамт байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider