Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Америкчууд ДАШТ-ийг орхиж, шөвгийн дөрөвт дан Европын багууд үлдэхээр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 8-ын шатны эхний хоёр тоглолт өчигдөр Нижний Новгород, Казань хотуудад боллоо.

Эхний тоглолт Франц, Уругвайн багуудын хооронд болж 2:0 харьцаагаар Францын шигшээ баг хожсон бол хоёр дахь тоглолт Бразил, Бельгийн багуудын хооронд болж 2:1 харьцаагаар Бельгичүүд тэргүүлсэн юм.

Ингэснээр ДАШТ-ий хасагдах шатанд шалгарч үлдээд байсан Өмнөд Америкийн 2 баг нутаг буцаж, аваргын цомын төлөө зөвхөн Европын багууд өрсөлдөхөөр болж байна.

Францчууд тоглолтын нэг ба хоёрдугаар үед буюу 40, 61 дэх минутуудад гоол хийсний эхнийхийг Антуан Гризман дамжуулж, Рафаэл Варан хийсэн бол хоёр дахийг Антуан Гризман өөрөө хийлээ.

 

Энэ тоглолтын гол баатар нь яах аргагүй Атлетико Мадридын довтлогч Антуан Гризман байсан юм. Түүний 16 метрийн шугамны гаднаас эргүүлэгтэй цохисон бөмбөг Уругвайн хаалгачийн гарнаас алдуурч орсон гоол энэ тоглолтын хамгийн гоё үзүүлбэр байв.

Уругвайн шигшээ багийн гол тоглогчдын нэг Эдисон Кавани гэмтлийн улмаас талбайд гараагүй нь тэдний ялагдалд голлон нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Каваниг эзгүйд түүнтэй хосолдог Луйз Суарез тоглолтоо үзүүлж чадаагүй юм.

Бразил-Бельгийн тоглолтын 13 дахь минутад Бельгийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг Винсент Компани мөргөсөн нь Фернандиньогийн толгойд ойн Бразилын хаалганд орсон байна.

Ийнхүү Бразилчууд өөрийн хаалганд гоол хийж энэ тоглолтыг эхлүүллээ.

Улмаар 31 дэх минутад Лукакугийн 16 метрийн шугамны гаднаас дамжуулсан бөмбөгийг Кэвин Де Брюйне алсын буланд цохин гоол болгосноор нэгдүгээр үеийг Бельгичүүд хоёр гоолтой дуусгажээ.

Бразилчууд хоёрдугаар үед эрчимтэй довтолсноор 76 дахь минутад энэ тоглолтын анхны бөгөөд цорын ганц гоолоо хийсэн юм.

Коутиньогийн хөндлөн дамжуулсан бөмбөгийг Ренато Аугусто мөргөж Бельгийн хаалганд оруулсан нь энэ байв.

Франц-Уругвайн тоглолтын онцлох агшнуудыг энэ холбоосоор, Бразил-Бельгийн тоглолтын онцлох агшнуудыг энэ холбоосоор үзээрэй.

Өчигдрийн хоёр тоглолтын онцлох үр дүнгүүд:

  • Францчууд зургаа дахь удаагаа ДАШТ-ий шөвгийн дөрөвт үлдэж байгаа нь энэ юм. 1998, 2006 онуудад тэд цааш үргэлжлүүлж аваргын цомын төлөө тоглож байжээ.
  • Францын баг нэг ДАШТ-д Өмнөд Америкийн гурван багийг цувуулан хожсон нь түүхэнд хоёр дахь тохиолдол болж байна. 1974 онд Нидерландчууд ганц удаа ийм амжилт үзүүлж байжээ.
  • Францчууд сүүлийн 10 ДАШТ-дээ Өмнөд Америкийн багуудад ганц ч хожигдоогүй байна. Хамгийн сүүлд 1978 онд Аргентинд 1:2 харьцаагаар хожигдож байжээ. Өмнө нь Италичууд 1982-2010 оны хооронд мөн ийм амжилт үзүүлж байв.
  • Бельгичүүд түүхэндээ хоёр дахь удаагаа ДАШТ-ий шөвгийн дөрөвт үлдлээ. 1986 онд тэд анх удаа энэ шатанд хүрч, аварга болсон Аргентинд хожигдож байв.
  • 1963 онд Брюссельд болсон нөхөрсөг тоглолтод анх удаа Бразилын багийг хожиж байсан Бельгийн шигшээ хоёр дахь удаагаа хожсон нь энэ юм.
  • Бразилчууд сүүлийн дөрвөн ДАШТ-д дан Европын багуудад хожигдон нутаг буцаж байна. Тэд 2006 онд Францад, 2010 онд Нидерландад, 2014 онд Германд тус тус хожигдон тэмцээнээс хасагдаж байжээ.

Одоо Франц, Бельгийн шигшээ багууд шөвгийн 4-ийн шатанд долдугаар сарын 11-ний шөнийн 02:00 цагт (Улаанбаатарын цагаар) Санкт Петрбург хотод өрсөлдөх юм.

 

Эх сурвалж: FIFA