Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын амлалтыг шалгахаар Майк Помпео Пёньянд ирж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн сард Сингапурт болсон уулзалтаар Хойд Солонгосын удирдагчийн авсан амлалтыг шалгахаар Пёньянд өнөөдөр ирж байна.

Тэрээр Японы Ёкота дахь цэргийн баазад түр саатахдаа “Удирдагч нар Сингапурт уулзахдаа Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, АНУ-БНАСАУ-ын харилцааг шинэ шатанд гаргахаар тохиролцсон. Энэ айлчлалаараа би удирдагч нарын өөр хоорондоо болон дэлхий нийтэд өгсөн амлалтуудыг дэлгэрүүлж, дутууг гүйцээх зорилготой байна. Хойд Солонгосын тал мөн үүнд бэлэн байгаа гэдэгт итгэж байна” гэж ярьжээ.

Помпео дөрөвдүгээр сараас хойш гурав дахь удаагаа Хойд Солонгосын нийслэлд айлчилж байгаа бол зургаадугаар сарын 12-ны дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаа ирж байна.

Өчигдөр Дональд Трампаас Хойд Солонгос цөмийн зэвсэг нууж үлдээх магадлалтай эсэхийг асуухад тэр “Юу болохыг бүгдээрээ харцгаая л гэж би хэлмээр байна. Одоохондоо ганц ч пуужин харваагүй, ганц ч цөмийн туршилт хийгээгүй байна” гэж хэлсэн юм.

Тэр бас Ким Жон Унтай үүсгэсэн харилцаагаа өөдрөгөөр харж “Надад тэр маш их таалагдсан. Би түүнтэй гар барьсан, уур амьсгал тун сайн байсан. Бид бие биенээ сайн ойлгосон гэж би бодож байна. Тэр ч бас Хойд Солонгосын ирээдүйг өөрөөр харж эхэлсэн гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ үгүй бол бид өөр замыг сонгоно. Гэхдээ ингэх хэрэгцээ гарахгүй байх” гэжээ.

Трамп, Ким Жон Уны уулзалтын үр дүнд олон хүн эргэлзэж байгаа. Харин Помпеогийн айчлал уг эргэлзээг арилгах чухал үйл явдалд тооцогдож байгаа юм.

Помпео Пёньянд саатсаныхаа дараа Япон, Вьетнам, АНЭУ-д айлчилж, сүүлд нь Бельгийн нийслэл Брюссельд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Трампыг дагалдан оролцох юм.

Энэ нь төрийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш түүний хийж буй анхны дэлхийг тойрох аялал болж байна.

 

Эх сурвалж: Associated Press