Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Бяцхан Трамп” агаарын бөмбөлөг АНУ-ын ерөнхийлөгчийг ирэхэд Лондон хотын тэнгэрт хөөрөх эрхээ авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын дундуур АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаагаа төрийн тэргүүний хувиар Их Британид айлчлах гэж байгаа юм.

Тэгвэл Трампын бодлогыг шүүмжлэгч хөдөлгөөний гишүүд энэ үеэр бяцхан, ууртай хүүхдийн дүрээр Трампыг харуулсан агаарын бөмбөлгийг Лондон хотын төв талбайд хөөргөхөөр төлөвлөжээ.

Лондон хотын захиргаа өчигдөр 6 метр өндөртэй уг бөмбөлгийг парламентын талбайд хөөргөх зөвшөөрлийг өгсөн байна. Хотын дарга Садик Хан энэхүү арга хэмжээг “тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх арга” гэж нэрлэжээ.

Долдугаар сарын 13-ны өдөр Дональд Трампыг айлчлан ирэх үеэр бөмбөлөг парламентын ордон, Биг Бэний цамхагийн дэргэд хөөрч тэндээ айлчлалыг дуустал байрлах юм.

 

Ингэж эсэргүүцлээ илэрхийлэхийн тулд хөдөлгөөнийхөн олон нийтээс хөрөнгө босгох аян өрнүүлэхэд $21,000 орчим цугларсан байна.

Аяны уриалгад Трампыг арьс өнгөөр ялгаварлагч, эмэгтэйчүүд, цагаачид, хүүхдүүдэд халтай хүн, дэлхийн энх тайван, ирээдүйд үхлийн аюул учруулагч гэж тодорхойлжээ.

Бөмбөлгийг 30 метрээс өндөр хөөргөж болохгүй гэсэн хориг тавьсан бол Лондон хотын цагдаа, Британий агаарын хөдөлгөөнийг зохицуулах газраас давхар зөвшөөрөл авах хэрэгтэйг зөвшөөрөлд заасан байна.

Үүнээс гадна олон нийтээс цуглуулсан мөнгө хангалттай их болсон тул Трампыг дэлхийн хаа яваа газарт нь дагаж, бөмбөлгийг илгээж, хөөргөх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Мөн Лондон хотын төвд “Stop Trump” нэртэй жагсаал зохион байгуулж, үүнд 50,000 хүн оролцоно гэж төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Business Insider