Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Агуйн гүнд хашигдсан хөвгүүдийг аврах ажиллагаа цагтай уралдан явагдаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Тайландын хойд нутгийн агуйн гүнд байгаа 12 хүү, нэг багшийг аврах бүх арга хэрэгслийг мэргэжилтнүүд судалж байна. Үүнтэй зэрэгцэн Тайландын армийн цэргүүд өндөр чадлын ус сорогчийг ашиглан агуйн усыг зайлуулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байгаа юм.

Энэ долоо хоногийн сүүлээр бороо орж, агуй дахин усаар дүүрэх магадлалтай байгаа тул цагтай уралдан ажиллаж байна. Зургаадугаар сарын 23-нд агуйд зугаалж яваад үерийн усанд хашигдсан тэднийг бараг арав хоногийн дараа өнгөрсөн Даваа гарагт олсон юм.

Гэвч тэдний байгаа газар агуйн амсраас 2 км орчим хол зайтай, мөн усаар дүүрсэн нарийхан хонгилоор дамжиж хүрдэг тул мэргэжлийн шумбагчид очихдоо 6 цаг, буцахдаа 5 цаг, нийт 11 цагийг зарцуулж байна.

 

Ус нэмэгдэж эхэлбэл эцсийн арга хэмжээ болгож хөвгүүдэд шумбагчийн хувцас өмсгөн гаргахыг оролдохоор төлөвлөжээ. Гэвч энэ нь маш эрсдэлтэй, агуйн нарийн хэсгээр шумбаж гарах нь анхлан суралцагчдад хүнд даваа юм. Хөвгүүд усанд огт сэлж чаддаггүй тул тэнгисийн цэргийнхэн тэдэнд усанд шумбахыг заахын хажуугаар хоол хүнс өгч, биеийг нь тэнхрүүлэх арга хэмжээ авч байна.

Үүнээс гадна аврагчид хөвгүүдийн байгаа агуйн хэсгийн дээрээс нүх гаргаж, хоолой үүсгэх боломжийг тасралтгүй хайн судалж байгаа юм.

 

Агуйн аманд олон улсын аврагчдын хотхон байгуулагдаж, нутгийн иргэд тэдэнд хоол хүнс хүргэн дэмжиж байна. Харанхуй агуйд, давчуу орон зайд олон хоног байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйг өөд нь татахын тулд өнөөдөр шилэн кабель татсан боловч ажиллаж чадаагүй тул уламжлалт холбооны кабель татахаар ажиллаж байгаа гэнэ. Хэрвээ холбоо тогтоовол хүүхдүүдийг ар гэрийнхэнтэй нь яриулах юм.

Аврах ажиллагаанд Британи, АНУ, Австрали, Хятадын аврагчид оролцож байна.

 

Эх сурвалж: CNN