Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын шинэ бизнесийн хөрөнгө оруулалтын хэмжээ анх удаа Хойд Америкийнхыг давлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хоёрдугаар улиралд Хятад улсын шинэ бизнесүүд анх удаагаа Хойд Америкийн компаниудаас илүү их хөрөнгө оруулалтыг татаж чаджээ.

Тодруулбал стартап компаниудад дэлхий даяар хийсэн нийт хөрөнгө оруулалтын 47 хувь зөвхөн Хятадын зах зээлд оногдсон байна. Харьцуулбал АНУ, Канадын зах зээл нийлээд 35 хувийг нь эзэмшсэнийг Crunchbase-ийн судалгааны тайланд өгүүлжээ.

Өнгөрсөн улиралд тогтоосон Хятадын дээд амжилтад Алибаба группын санхүүгийн салбар болох Ant Financial компанийн босгосон $14 тэрбумын хөрөнгө гол нөлөө үзүүлсэн байна. Энэ мөнгийг босгоход Сингапурын GIC болон Temasek Holdings, Warburg Pincus, Канадын Тэтгэврийн сан зэрэг хөрөнгө оруулагчид нэгджээ.

Гэхдээ Ant Financial-ийн хөрөнгө оруулалтыг хассан ч Хятадын компаниудын босгосон мөнгө дэлхийд 36 хувийг эзэлж, Хойд Америкаас бага зэрэг илүү гарсан байна.

Сүүлийн ээлжийн хөрөнгө оруулалтын дараа Алибабагийн охин компанийн зах зээлийн үнэлгээ $150 тэрбум гаруйд хүрсэн нь АНУ-ын Uber Technologies компанийн үнэлгээнээс бараг хоёр дахин илүү гарчээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар стартап компаниудыг ихээр дэмжиж, үйлдвэрлэгч орноос инновацийн хүчирхэг гүрэн болох зорилттой ажиллаж байгаа нь дээрх үр дүнд хүргэж байна.

Хятадын 1.4 тэрбум хүн амтай зах зээл улам бүр интернэтэд холбогдож, бүх салбарт хэрэглээ нь хурдтай өсөж байгаа тул гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж байгаа юм.

2017 оны бүтэн жилийн дүнгээр дэлхий дахины нийт хөрөнгө оруулалтын 42 хувь буюу $76.4 тэрбумын хөрөнгийг АНУ-ын стартап компаниуд босгож тэргүүлсэн бол дэд байранд Хятадын бизнесүүд 36 хувь буюу $65 тэрбумаар удаалж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post