Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-д бөмбөг алдсан Колумбын тоглогчдын амь насанд заналхийлж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Английн багт торгуулийн цохилтоор хожигдож нутаг буцахаар болсон Колумбын шигшээ багийн зарим тоглогчдын амь нас эрсдэлд ороод байна.

Тэд Мягмар гарагт шөвгийн 16-гийн тоглолтоос хасагдсан юм. Торгуулийн цохилтыг гүйцэтгэхдээ Английн хаалганд бөмбөг хийж чадаагүй Матеус Урибе, Карлос Бакка нарын амь насанд заналхийлсэн мессэжүүд олноор ирж эхэлсэн байна.

Тэднийг Колумбид буцаж ирэхгүй байх, эсвэл алахыг уриалсан, амласан утга санаатай бичлэгүүд сошиал ертөнцөд тарж эхэлжээ.

Одоогоос яг 24 жилийн өмнө буюу 1994 оны долдугаар сарын 2-нд Колумбын шигшээ багийн тоглогч Андрес Эскобар өөрийн хаалганд гоол хийж, багаа хожигдуулсныхаа дараа нийслэл Богота хотын гудамжинд зургаан удаа буудуулж алагдсан юм.

Үүнээс 10 өдрийн өмнө ДАШТ-д АНУ-ын багтай тоглох үеэр тэр өөрийн хаалганд гоол хийсний улмаас Колумбын баг хасагдаж байжээ.

Андресийн ах Сачи Эскобар дүүд нь тохиолдсон шиг эмгэнэлт явдал бусад тоглогчдод тохиолдож магадгүйг анхааруулсан байна.

Тэр Колумбын хэвлэлд ярихдаа “Ийм зүйлийг биеэрээ үзсэн хүний хувьд би дахин хэн нэг нь битгий хохироосой гэж хүсэж байна” гээд тоглогчдыг болгоомжтой байхыг сануулжээ.

“Сошиал сүлжээнд хүмүүс тоглогчдыг сүрдүүлж, тэднийг болон гэр бүлийнхнийг нь айдаст автуулж байгааг хараад Андресын үхлээс хэн ч юу ч ойлгоогүй, энэ улсад өөрчлөлт гараагүй, муу хүмүүст хууль үйлчлэхгүй болох нь харагдаж байна” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: Business Insider