Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Анагаахын боловсролын тогтолцоонд нийгмийн цөөнхтэй холбоотой нэг ч агуулга байдаггүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатарт болж буй "Эрхэд суурилсан Эрүүл мэнд" олон улсын чуулганд Австрали, Америк, Англи, Тайланд, Их Британи зэрэг улсад ЛГБТ болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй тусгайлан ажилладаг мэргэжилтнүүд иржээ. Монголд эдгээр цөөнх хүмүүстэй тусгайлан ажилладаг мэргэжлийн хүн байдаггүй.

Харин өнөөдөр эдгээр эмч мэргэжилтнүүд туршлагаасаа хуваалцаж байгаагаараа онцлог аж.

Эрүүл мэндийн үйлчилгээ сул байвал эргээд хүнийг ядууруулах нөхцөл байдалд хүргэдэг

 

"Бүх нийтийн боловсролын төлөө" үндэсний эвлэлийн дэд зохицуулагч, хүний эрхийн активист Б.Болорсайхан "Дэлхийн улс орнуудын зүгээс тогтвортой хөгжихийн тулд 2015-2030 оны хүрээнд 17 зорилгыг тавьсны нэг нь эрүүл мэндтэй холбоотой байдаг. Үүний хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэ чуулганд хэд хэдэн сэдвийг хөндөж гаргаж ирлээ.

ДЭМБ-ын хүрээнд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн дарамтгүй хүргэхийн тулд манай улс идэвхи санаачлага гаргаж ажиллах ёстой. Ялангуяа нийгмийн цөөнх хүмүүс нийгмийн аливаа үйлчилгээг авч чадахгүй байх нь давхар ялгаварлан гадуурхалт үүсэх эрсдэлийг бий болгоно. Тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээ сул тухайн хүндээ хүрч чадахгүй байвал эргээд хүнийг ядууруулах нөхцөл байдалд хүргэдэг гэдгийг тусгайлан онцолж байна.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо илүү үр дүнтэй байвал хүн бүрт хүрэх боломжтой. Одоогийн байдлаар хүн амын 85-87 хувийг даатгалд хамруулдаг учраас төрийн зүгээс хийх эхний алхам нь үлдсэн 13-15 хувийн эрүүл мэндийн даатгалгүй хүндээ хүрч ажиллах юм.

Манай улсад нийгмийн цөөнхөд тулгараад буй ялгаварлан гадуурхалтыг нарийвчилсан зохицуулалт, тодорхойлсон туршлага ховор байдаг. Төрийн бодлогын нэг алдаа нь хүмүүст хүрч үйлчлэхдээ эсвэл анхаарахдаа заавал хэдэн хүнд хүрэхийг тооцох ёстой гэж ярьдаг. Жишээ нь үүний цаана яг хэдэн ЛГБТ болон бэлгийн цөөнх байгаа, хэдэд нь хохирол учирсан болон хүчирхийлэлд өртсөн, хэд нь цагдаа шүүхэд хандсан гэдгийг асууж байгаа нь ялгаварлан гадуурхалтад өртсөн хүмүүсийг дахиад төрийн зүгээс ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг хүндэтгэхгүй байгаа үйлдэл гэж харж болно. Тиймээс нийгэмд ил гараагүй далд байдлаар ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа хүмүүс байгааг таслан зогсоох нь төрийн үүрэг.

Өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хуульд бэлгийн чиг баримжаан илэрхийллээр ялгарварлан гадуурхахыг хориглосон нь буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцох дэвшилтэт алхам байсан.

Бид одоо манай улсад хөгжлийн бэрхшээлтэй, ЛГБТ хүмүүс болон угсаатны цөөнх, ХДХВ ДОХ-ын халдвартай хүмүүсийг цохон тэмдэглэхгүйгээр нийгэмд гарч байгаа ялгаварлан гадуурхалттай тэмцэх тухай нэг малгай хууль байх нь оновчтой юм байна гэдгийг хөндлөө" гэв.

Монгол Улсын үндсэн хуулинд хүн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж заасан

"ЛГБТ" төв ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер А.Балдангомбо "Хүний эрүүл мэндийн эрхийн асуудлыг эрх зүйгээр хэрхэн зохицуулж байгаа вэ гэдэг асуудал байна. Монгол Улсын үндсэн хуулинд хүн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Мөн эрүүл мэндээ хамгаалуулахдаа тэгш эрхтэй байна, хүнийг үл ялгарварлан гадуурхаж болохгүй гэдгийг хуулийн 14 дүгээр зүйлд, 19 дүгээр зүйлд төрөөс иргэнийхээ эдийн засаг нийгэм соёлын эрхийг бүрэн хариуцна гэж тодорхойлоод  заагаад өгсөн байдаг.

Бүх Монголчууд өнөөдөр эрүүл мэндийн даатгал төлдөг гэвч энэ даатгалаа төлчихөөд эргээд авч байгаа эрүүл мэндийн үйлчилгээ ямар байна. Ялангуяа нийгмийн цөөнх болсон бүлгүүдэд яг онолын хэрэгцээндээ шаардлагатай эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээ авч чадахгүй байна гэдэг асуудал маш чухал байна" гэв.

ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулах хамгийн чухал зүйл нь төрийн албаны ажилтнуудын мэдлэг, чадавхи, хандлагыг сайжруулах

 

"ЛГБТ" төв ТББ-ын Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Г.Доржжанцан "Монголын нөхцөлд ЛГБТ хүмүүсийн хувьд маш хүнд. Ялангуяа эрүүл мэндийн салбарт үйлчилгээ хүртэхэд бэрхшээл ихтэй байна. Учир нь эмч мэргэжилтнүүдийн хувьд анагаахын салбарын боловсролын тогтолцоонд ЛГБТ хүмүүстэй холбоотой нэг ч агуулга байдаггүйгээс болоод эдгээр хүмүүсийн талаар огт судлаагүй төгсдөг. Ажил дээр гараад ч эдгээр хүмүүстэй хэрхэн харьцах, эрүүл мэндийн онцлог хэрэгцээ юу вэ гэдгийг мэдэхгүй байна. Тиймээс ЛГБТ хүмүүсийн онцлог хэрэгцээ нь эрүүл мэндийн салбарт нэлээд зөрчигддөг.

Өндөр хөгжилтэй орнууд буюу АНУ, Австрали гэх мэт орнууд жил болгон тоолдог. Жишээ нь АНУ-аас анх 1990 оноос эхлээд хүн амын тооллогодоо ЛГБТ хүмүүсийг тусад нь оруулж эхэлсэн. Харин Монголд ЛГБТ хүмүүстэй холбоотой нэг ч асуудал байхгүй учраас өнөөдөр үндэсний хэмжээнд тоо байдаггүй.

Бид тоо баримт цуглуулах хөдөлгөөн явууллаа ч гэсэн өнөөдөр нийгмийн ялгаварлан гадуурхалтаас болоод боломжгүй байдаг.  Хүн амын судалгааг хийхдээ эцэг эхийн эсвэл өөр хүмүүсийн дунд чи лесби юу гэж асуухад хэн ч түүнийгээ хэлэхгүй нуух жишээтэй.

Гэхдээ бид Олон улсын баримталдаг жишиг тоог барьж явдаг. ЛГБТ хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх нийгмийн боломж, хууль эрх зүйн орчноос хамаараад улс орон болгонд харьцангүй өөр тоо байдаг. НҮБ-аас гаргасан олон улсын жишиг тоогоор хүн амын 10 хүн тутмын нэгт ЛГБТ хүн оршдог гэсэн магадлал бий.

Өнөөдрийн энэ чуулган нь энэ асуудлын гаргалгааны нэг хэлбэр болж байна. Эмч мэргэжилтнүүдийг сургах чадавхижуулах, хандлагыг нь сайжруулах нь хамгийн чухал хийгдэх ёстой асуудлын нэг. Хууль эрх зүйн боломж бололцоог сайжруулах, олон нийтийн буруу хандлагыг өөрчлөх буюу эдгээр хүмүүст шинжлэх ухаанч мэдээллийг түгээх хэрэгтэй.

ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлын сайжруулах хамгийн чухал зүйл нь төрийн албаны ажилчдын мэдлэг, чадавхи, хандлагыг сайжруулах явдал юм.

Тэр дундаа эрүүл мэндийн салбар дахь эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх асуудал. Ингэвэл эрүүл мэндийн үйлчилгээ нь ч дагаад сайжирна.Үүнтэй үүдэн нийгмийн том том өөрчлөлтүүд ч бий болно" гэв.

Нийгмийн сөрөг хандлага, ялгаварлан гадуурхалтаас үүдэн ЛГБТ залуу үеийхэн орон гэргүйдэх, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ ихсэх, хүчирхийлэлд автах, сэтгэл гутрал, айдас түгшүүрт өртөх зэрэг эрслүүд нэмэгддэг байна. Эдгээр залуучуудын 61 хувь нь өөрийн бэлгийн чиг баримжаанаасаа болж хэл амаар доромжлуулж байсан, 37 хувь нь амиа хорлох талаар бодож байсан байна. Мөн гурван залуу тутмын нэг нь эмч нараас ЛГБТ асуудлаар дэмжлэг авч чадаагүй гэж мэдэгджээ.

Тус чуулган энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Чуулганд оролцож буй хүмүүст ЛГТБ төвөөс болон Мельбурн их сургуулийн Ерөнхий эрдэм, Анхан шатны тусламж үйлчилгээний академийн төвөөс гаргасан бэлгийн цөөнх үйлчлүүлэгчтэй ажиллах удирдамж, тусламж үйлчилгээний стандарт, эмч нарт зориулсан ном гарын авлага өгсөн юм.