Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын хамтарсан шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнд зочлоорой

А.Намуун, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.

Үзэсгэлэнд Монгол Улсаас 20 компани, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 компани, аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбар түүн дотор мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2011 оноос байгуулан ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын хамтарсан үзэсгэлэнг жил бүр өөр, өөр хотуудад гаргадаг уламжлалтай. Энэ удаагийн Улаанбаатар хотноо нээгдсэн нь энэ бөгөөд үзэсгэлэн 7 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд үргэлжилнэ.

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл “Хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцаа ихээхэн тааламжтай үедээ байгаа өнөө үед шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, байнгын ажиллагаатай механизм бий болгох нь чухал ач холбогдолтой юм. Цаашид бид БНХАУ-тай хамтарсан Технологийн инкубатор байгуулах, Технологи дамжуулах төв болон хамтарсан лабораториудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодит үр дүнд хүрэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, улмаар Монгол Улсад анхны шинжлэх ухааны паркийг бүтээн байгуулах, Монголын өндөр технологийн үндэсний компаниудыг олноор бий болгох ажилд Хятадын талтай хамтран ажиллахаар төлөвлөж ажиллаж байна” гэлээ.