Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Ажил хаялтаас үүсэх аливаа хариуцлагыг эрхийнхээ төлөө тэмцэж байгаа эмч, ҮЭХ биш, Засгийн газар хүлээх ёстой”

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд улс орон даяар ажил хаялт эхлүүлэхэд 24 цаг үлдсэнийг Монголын Засгийн газарт дахин санууллаа. Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ, Монголын ҮЭХ-ны ажил хаялтыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажын хэсэг болон эрүүл мэндийн байгууллагууд дээрх анхан шатны түр хороодын дарга нарын төлөөлөл өнөөдөр энэ талаараа мэдээлэл хийсэн юм. 

Тус салбарынхан цалин орлогоо нэмэгдүүлж, чанартай сайн тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө, хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан энэхүү тэмцэл хөдөлгөөнөө тасралтгүй зургаан сар зохион байгуулсны үр дүнд Эрүүл мэндийн яамтай тохиролцоонд хүрч, хэлэлцээр байгуулсан ч ХНХЯ ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй, тодорхойгүй шалтгаангүйгээр бүртгэхээс татгалзсан байна. 

“Үүнээс үүдэн эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэмцэл хөдөлгөөнөө нэг сөөм ч ухраахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар анхаарууллаа. 

Маргаашнаас эхлэх эмч, эмнэлгийн ажилтнуудын хууль ёсны ажил хаялтад 21 аймгийн ЭМ-ийн төвөөс авахуулаад 207 байгууллагын 16611 ажилтан оролцохоор нэгджээ. Үүнтэй холбоотойгоор бүх шатны төрийн болон ТББ-аас маш их дарамт иршшлж, саад учруулах гэж оролдож байгаа тул энэ байдлаа нэн даруй зогсоохыг шаардаж байгааг  тэрбээр энэ үеэр мөн мэдэгдсэн юм. 

“Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын туйлын зорилго ажил хаялт биш. Бид ажил хаяхгүйн төлөө бүтэн зургаан сар гаруйн хугацаанд тэмцэл өрнүүлсэн. Гэвч заавал ажил хаяхад хүргэж байгаапд харамсалтай байна хэмээн Д.Мягмар хэлээд ажил хаялтаас өмнө эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа хэдийнэ доголож эхэлснийг сануулсан. Тухайлбал, нийслэлээс 100-180 км-ийн цаана байгаа Төв аймгийн сумын эмнэлгүүд хүртэл ачаалал их, цалин багатайгаас хүний нөөцийн хомсдолд оржээ. 

Нэг сумын эмнэлэгт тэтгэвэрт гарсан гурван сувилагч судас тариагаа хийж чадахгүй хэмжээнд очсон эмнэлэгт ажиллаж, амь тариа болж байгааг дурдлаа. Сумын эмнэлэгт мэргэжлийн эм зүйч байхгүйгээс мэргэжлийн бус хүн ажилласнаас хүний аминд хүрсэн тохиолдол ч байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө халаасан дахь цалин орлого нь 40-50 хувиар буурчихаад байхад дөрвөн жил гаруй хугацаанд тэвчиж ажилласан эрүүл мэндийн салбарынхан тэвчээр барагдсанаа учирлаж байна. 

“Эмнэгийн тусламж үйлчилгээг үнэхээр чанартай сайн байлгая гэвэл эрх баригч нараа, эмч эмнэлгийн ажилтнуудыг дорд үзэхээ зогсоо. Дэндүү увайгүй төр засагтайгаас болоод алтан гартай, цагаан нөмрөгтэй баатрууд ажил хаяхаас өөр аргагүй байдалд хүрч байна. Ийм төр засгаас ичиж байна” хэмээн салбараа төлөөлөн Д.Мягмар хэлээд 3-4 хүний ажил хавсран хийж, зуу зуугаар Солонгос руу ажиллахаар явж байгаа энэ цаг үед хөдөлмөрийн үнэлэмжийг шударгаар тогтоохын төлөө тэмцэх ажил хаялт эхлэхэд 24 цаг үлдсэнийг ахин сануулав. 

2017 онд эрүүл мэндийн салбрт шаардлагатай цалингийн нэмэгдэл 13 тэрбум төгрөг хэмээн тооцож буй. Харин энэ нэмэгдлийг одоо хүртэл шийдвэрлэхгүй, ажил олгогч Засгийн газар үүргээ биелүүлэхгүй, хөдөлмөрчдийг ийм байдалд хүргэж байгаад харамсаж байгаагаа Монголын ҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа хэлээд үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэхүү ажил хаялтыг бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

“Ажил хаялт бол амархан зохион байгуулах хэрэгсэл биш бөгөөд тэмцлийн эцсийн хүнд хэлбэр. Ийм хүнд хэлбэрт хүргэсний үр дүнд бий болох эрсдэл, хариуцлагыг эрхийнхээ төлөө тэмцэж буй ажилтнууд биш, Засгийн газар хүлээх ёстой” хэмээн Г.Адъяа тайлбарлав.