Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ганхуяг: Наадмын нээлтийн арга хэмжээнд 2,500 хүн оролцоно

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн бэлтгэл эхэлсэн байна. Наадмын нээлтийн бэлтгэл 80-90 хувьтай байгааг УДЭТ-ийн ерөнхий зураач Т.Ганхуяг хэлж байлаа.

Түүнтэй ажлынх нь талаар товч ярилцлаа.

- Төв цэнгэлдэхийн талбайд гарах бүрэлдэхүүнийг танилцуулбал, хэдэн хүн нээлтийн арга хэмжээнд оролцох вэ?

- Талбай дээр жилийн жилд 2,000 орчим хүн ажилладаг. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс арай олон буюу 2,500 хүн наадмын нээлтийн арга хэмжээнд оролцоно. Үүнд 800 цэргийн албан хаагч, 250 оюутан, одонтой ээжүүд хүүхдүүдийн хамт, УДЭТ-ийн бүх уран бүтээлч, Үндэсний их театр, Улсын филармони, ДБЭТ, Хилийн цэрэг гээд урлагийн байгууллагууд оролцож байна. 

Бэлтгэл ажил албан ёсоор тавдугаар сарын 25-нд эхэлсэн. Бид өглөө 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллаж байна. Нээлтийн ажилтай холбоотойгоор үйлдвэрлэл өрнөдөг. Жишээлбэл, энэ жилийн хувьд 600 гаруй хувцас оёж байна. Тайз, жижиг хэрэглэлийн үйлдвэрлэл зургаадугаар сарын 1-нд эхэлсэн ч одоог хүртэл дуусаагүй л байна. Зургаадугаар сарын 28-наас эхлэн талбайн бэлтгэлүүд эхэлсэн. 

- Хэрэв нууц биш бол энэ жилийн наадмын нээлтийн агуулга, зохиомжийн талаар мэдээлэл өгөөч?

- Найруулагч Н.Наранбаатар гурав дахь жилдээ наадмын нээлтийг найруулж байна. 

2016 оны наадмын нээлтийн утга агуулга нь Монгол хүн төр улсаа байгуулсан түүх, Эзэн Чингис хааны байгуулж бидэнд үлдээсэн улс орон ямар байсан гэдгийг болон Монгол хүн ямар чадвар чадамжтайг харуулах байсан. 

Харин 2017 онд бол Монгол хүн гэж яг хэн бэ, Монгол хүний дотор юу байдаг вэ гэдгийг харуулах байлаа. Үүнийг утга зохиолоороо дамжуулж харуулахыг зорьсон үзүүлбэр үзүүлсэн.

Энэ жилийн хувьд Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнийг харуулахыг зорьж байна. Ингэхдээ бас Монгол хүн жилийн дөрвөн улиралд хэрхэн амьдардаг, эрийн гурван наадам бол Монголчуудын бахархал юм гэдгийг шингээж өгсөн. 

- Зургийн ажлын хувьд өнгөрсөн жилүүдээс хэр ялгаатай болж байна вэ?

- Задгай талбайн шоуны тайз их нүсэр байдаг. Цэнгэлдэхийн талбай дээр шоу үзүүлбэр үзүүлнэ гэдэг бол асар их хүч хөдөлмөр шаардсан ажил. Талбайн хэмжээндээ таарсан нэлээд том тайз хийгддэг. 


Энэ жилийн наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж байна.