Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Эрдэнэбаяр: Бумбардай цувралаа хөгжүүлж, кино болгоно

Б.Аззаяа, Үндэсний шуудан
2018 оны 7 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг

Комик номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-“Бумбардай” номоо бидэнтэй танилцуулахгүй юу?

-“Бумбардай” нь Монгол ахуй, аж амьдрал хийгээд уламжлалт өв соёлыг хүүхэд багачуудад хүргэх зорилготой төсөл. Анх 2012 онд хэрэгжиж эхэлсэн. Одоо зургаа дахь цувралаа өлгийдөн аваад нээлтээ хийсэн. Намар долоо дахь цувралынхаа нээлтийг хийхээр ажиллаж байна.

-Бумбардайг анх юунаас санаа авч, яагаад гаргах болсон бэ?

- Бумбардайн дүрээр дамжуулж хүүхдүүдэд нүүдэлчин ахуйг танилцуулахыг зорьсон. Мөн түүний гурван жилийн амьдралаар гурван хот айлын үйл явдал гардаг. Монгол хүүхдэд юу хэрэгтэй байна вэ, тэднийг монгол хүн болгож буй онцлог нь юунд байна, ялангуяа монгол ахуй, амьдралын наад захын соёлтой байна уу зэргийг их бодсон.

Тиймээс зуун найман цувралаар дамжуулж хүүхэд багачуудад монголчуудын эртний өв соёлыг зааж, сургахаар шийдсэн. Эдгээрийг хүүхэд ойлгоход амар хялбар байх.үүднээс зураг бүхий комик номын хувилбараар гаргах болсон. Номоороо дамжуулж тэдэнд монгол соёлоо таньж мэдэх цаашлаад хайрлах сэдлийг нь төрүүлэхийг зорьсон.

-Хэдэн насны хүүхдүүдэд зориулсан бэ?

-Зорилтот зах зээл нь бага, дунд ангийн хүүхдүүдэд зориулсан. Гэвч доторх агуулга нь зарим том хүмүүсийн мэдэхгүй, мэддэг ч төдийлөн сайн ойлгодоггүй зүйлс байдаг.Түүнчлэн монгол бичгээр өгүүлэмжийг давхар бичсэн учир насанд хүрэгчид ч гэсэн унших боломжтой. Монгол нүүдэлчин ахуй, аж амьдралыг харуулсан зуун найман соёлын өвийг номондоо шингээж өгсөн.

Нэг цувралаар дамжуулж нэг соёлыг харуулдаг. Ингэснээр зуун найман цуврал болж гарна гэсэн үг. Эхний цувралд араг саврын тухай, хоёр дахь цувралд борц, гурав дахь номонд нүүдэл, дөрөв дэх номонд чулуун тоглоом, тав дээр цагаан идээний тухай зэргээр ном нэг бүрт монголын өв соёл, ахуй амьдралын тухай хүүхдүүдийн мэдвэл зохих зүйлсийг шингээж өгсөн.

-Дараа дараагийн цувралдаа ямар соёлыг шингээж өгөх вэ?

-Намар нээлтээ хийх номондоо айрагны тухай өгүүлэх бол шинэ жилийн үеэр цагаан cap, түүний бэлгэдэл, соёлын тухай гэх мэтээр тэдгээрийн ач холбогдлын талаар хүүхэд, багачуудад хүргэнэ.

-Номын нэг цувралыг гаргахад хэчнээн хугацаа зарцуулдаг мөн уншигчдын хүлээлт хэр зэрэг байдаг вэ?

-Зарцуулах ёстой цэвэр хугацаа бол 90 хоног буюу нэг улирал болдог. Номоо олон улсын зах зээл дээр гаргах хөгжүүлэлтийн ажил явагдаж байсан учраас тавдугаар цувралаас хойш шинэ цуврал гаргаагүй. Зургаа дахь цувралыг гурван жилийн дараа гаргаж байгаа болохоор үүнийгээ дагаад хүлээлт маш их үүссэн байна. Энэ хугацаанд уншигч хүүхдүүд болон эцэг эхчүүдээс дараагийн цувралаа хурдан гаргаарай гэсэн хүсэлтүүд маш их ирсэн.

-Бумбардайгийн борлуулалт ямар байдаг вэ? Үнийн хувьд хэд вэ?

-Реклам сурталчилгаа бага хийдэг хэдий ч борлуулалт маш сайн байдаг. Үнийн хувьд аль болох хямд төсвийн бодлого барих гэж хичээж ажилладаг. Хатуу хавтас, чанартай хэвлэлттэй гэдэг утгаараа үнэ нэмэгддэг. Нэг цуврал 20 мянган төгрөгийн үнэтэй бол одоогоор эхний гурван цувралыг эмхэтгэн гаргасан боть 35 мянган төгрөгийн хямдралтай үнээр борлуулагдаж байгаа. Зүүн өмнөд Ази, Япон зэрэг олон улсын зах зээлд хэдийн зарагдаад эхэлсэн.

Монгол хүнд зориулагдсан контент гэдэг утгаараа бусад ном зохиолоос ялгарч байгаа юм болов уу гэж хардаг. Бумбардай цувралаа илүү хөгжүүлж бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино цаашлаад цуврал нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байгаа. Мөн насанд хүрэгчдэд зориулж хүчирхийлэл, байгаль хамгааллын сэдэвт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Зураг