Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АЯЛАЛ гэдэг мэдээллийн дарангуйллаас ангид ертөнц

ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

- Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул сумын нутгаар аялсан фото тэмдэглэл - 

Улаанбаатар хотоос зүүн тайгын Цаатан иргэдийг хоёрдугаар сард зорьсон фото аяллын замд Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдын нутгийг анх дайран өнгөрөх үед өвөрмөц мэдрэмж төрж билээ. Өвөрмөц гэдэг нь нүдэнд харагдах ертөнц буюу нутгийн байгаль, сумын байшин барилга, орчны хэв маяг сонирхолыг минь татсан юм.

Тухайн үед аялалын хугацаа, төлөвлөгөөний дагуу зөвхөн дайраад гарсан төдий тул аялал жуулчлалын ажил эрхэлдэг, гэрэл зураг сонирхдог миний хувьд тус сумд нь 1-рт сонирхолтой баримтат зураг авч болох 2-рт жуулчинд зориулсан аялалын шинэ хөтөлбөр боловсруулж болох гэсэн сэдэл төрсөн тул яалт ч үгүй заавал дахин тухтай очих хүсэл тээгээд буцсан билээ. Энэхүү хүсэл маань ч удахгүй биелэв. 5, 6-р сард хоёр ч дахин аялах боломж тохиож энэхүү бяцхан фото тэмдэглэлийг бичлээ.

Эхний аялал Орос, Хятадын гэрэл зурагчидтай хамтарсан аялал байсан бол 2 дахь аялал маань Япон гэрэл зурагчинтай, 3 дахь нь бүр Герман гэрэл зурагчинтай аялал байлаа. Сүүлийн хоёр аялалын 2-р сарынхаас ялгаатай нь урин дулаан болж, цэцэг навч дэлгэрсэн дэлгэр зуны цаг төдийгүй, хугацааны хувьд ч урт, олон шинэ танил, шинэ мэдээллийг агуулсан аялал болов.  Тэмдэглэлээ “TIME TRAVEL” гэж нэрлэсэн нь анх очиход төрсөн “өвөрмөц” мэдрэмж маань дараагийн аялалуудаар бүр илүү “ер бусын” гэх тодотгол нэмж болохоор “Цаг хугацаагаар аялагч” мэт сэтгэгдэл төрүүлсэнд оршино. 

Цагааннуур сум

 

Хоёр дахь аялалаар Цагааннуур сумын төвийн Эрдэнэ ахын "guest house"-т хэд хоноглов. Анхны аялалаар энэ сумын модон байшингууд өвөрмөц хэв маягтай ч нэлэнхүйдээ жигд, олон ижил байшингаас бүрдсэн нь эртний ч юм шиг, өөр ертөнц мэт санагдаж билээ. 

1956 оноос загасны үйлдвэр, улсын агнуурын аж ахуйг түшиглэн суурин болтлоо хөгжсөн “Цагааннуур суурин” нь 1985 оны  АИХ-ын зарлигаар Рэнчинлхүмбэ сумын газар нутгаас тусгаарлагдан “Цагаан нуур сум” болон өргөжжээ.

Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын хамгийн хойд захын цэг Их Саяны нурууны Монгол шарын даваа орших ба сумын төв нь Улаанбаатар хотоос 1,048 км алслагдан оршино. 

Сумын газар нутгийн 90% нь уул тайга, ян сарьдаг бүхий таг, тайга, ойт хээрийн бүс учир нутгийн зам багагүй бартаатай. Тиймээс ч хуучны орос тэргүүд түлхүү харагдана. 
Аяллын дундуур алдарт Тэнгис, Шигшид (Шишгид гол)-д ч очиж амжив. 

Цэнгэг усны хамгийн дээд махчин загас гэгдэх Дэлхийд ховор, гайхамшиг болсон “Тул” загас энэ голд л өдгөө хамгийн их байдаг. 

Зургаадугаар сарын 15-аас 10 дугаар сарын эхэн хүртэлх загасчлалын хуулиар зөвшөөрөгдсөн хугацаанд гадны олон орноос жуулчин, загасчид зорин ирдэг аж. Нэг жуулчин зөвхөн энэ бүсэд нэвтрэхийн тулд 1,000$ төлдөг гэх. 

Энэ мэтчилэн энэхүү сумын нутгаар аялах хугацаанд модон байшингууд, хуучны орос тэргүүд, сумын иргэдийн амьдралын хэв маяг, загасчлал, ан агнуур, худалдаа наймааны ертөнц гэх мэт нь өвөрмөц, ер бусын байлаа. 

Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэг
Цагааннуур сумын Шуудан, Холбооны байр
Цагааннуур сумын иргэдийн орон сууц
Цагааннуур сумын иргэдийн орон сууц
Цагааннуур сумын Хаан банкны байр
Цагааннуур сумын Захиргааны байр
1960 онд баригдсан албан контор
Хармай багийн малчин Баяраагийн өвөлжөөнд
Цагааннуур сумын Төрийн банкны байр
Цагааннуур сумын Соёлын төвийн байр
Цагааннуур сумын Хармай багийн нутагт
Цагааннуурын өглөө
Шишгид гол
Шишгид гол

Дархадын хотгор

Улаан Уул сум, Хорьдол сарьдгийн нурууны ноён оргил Дэлгэрхаан уул (3,089м)

Гурав дахь аялалаар Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумдын байгалийн  болон ахуйн зураг авах боломж түлхүү гарав.  "Дүүрэнгийн өвөр" гэх газар зусаж буй Лхагва ахын "guest house"-т хоноглож байх үед урдхан дэнж дээр нь тухайн багийн хүүхдүүдэд зориулсан шинэ цэцэрлэгийн нээлт таарч, орой нь үдэшлэгт оролцох боломж гарав.

Үдэшлэг болж буй газар хоёр, гурван км орчим зайтай гэсэн учир Лхагва ахыг гуйж 69-аар нь хүргүүлэв. Одод түгсэн шөнийн эзгүй талын дэнж дээрх ганц байшин. 

Гадаа нь хуучны УАЗ-469, пургон болон мотоциклүүд эгнээстэй. Бүжгийн дундуур залуучууд, бүсгүйчүүд нь гадаа, дотор энэ тэнд болзоотой. нэг тийм өвөрмөц орчин байлаа.

Айлд камерны хөлөө үлдээгээд очсон учир шөнийн гаднах орчины зураг авч чадаагүй, мөн таних танилгүй, ганцаарахнаа камертай нөхөр бүжигчдийн дунд жуулчин шиг байсан нь жаахан тийм ч энэ орчины мэдрэмжийг мэдэрсэн нь сайхан дурсамж байлаа. 

Улаан-Уул сумын нутаг Хөх эрэг
Улаан-Уул сумын нутаг Хорьдол сарьдгийн нуруу
Дархадын хотгор
Лхагва ахын зуслан
Рэнчинлхүмбэ сумын нутаг Дүүрэнгийн өвөр
“Дүүрэнгийн өвөр”-ийн үдэш
Лхагва ахын том хүү Билэгдэмбэрэл
Лхагва ахын бага хүү Түмэндэмбэрэл
Лхагва ахын бага охин Шинээ
Лхагва ахын гэргий Баяраа болон 2 охин
Лхагва ахын хүргэн Гомбо, Дархадын 9 цагаан адуутай. Дархадын цагаан адуу нь хүйтэнд тэсвэртэй, хүч тамир ихтэй гэдэг юм билээ.
Шинэ цэцэрлэгийн нээлтэд зориулсан үдэшлэг
Шинэ цэцэрлэгийн нээлтэд зориулсан үдэшлэг
Шинэ цэцэрлэгийн нээлтэд зориулсан үдэшлэг

Нам гүм ой, уул толгод, ус мөрөн, өглөөний манан, цэцэгс,шувууд мэдээллийн дарангуйллаас ангид ертөнц
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Тайга & Цаатан

 

Монгол орон нь Ази тивийн төвд дэлхийн хоёр том гүрэн болох БНХАУ, ОХУ-тай хиллэн оршдог бөгөөд хойд хэсэгт нь Сибирийн тайга, өмнөд хэсгээрээ төв Азийн үзүүр дайрч өнгөрдөг ба энэ хоёрын бие биедээ шилжих шилжилтийн зурвас нутаг болдог.  

Сибирийн тайгатай хил залган орших Монгол орны хамгийн хойд хэсэг болох Хөвсгөл аймгийн Цагааннуур сум. Цагааннуур сумын баруун, зүүн тайгад одоогийн байдлаар 54 өрхийн 237 цаатан иргэн, 1,970 толгой цаа буга маллан амьдарч байгаа ажээ. Газар нутгийн ихэнх хувийг уул тайга, ян сарьдаг бүхий таг, тайга, ойт хээрийн бүс эзэлдэг гэдэг.

Мөрөн хотын орон нутгийн төв музейн мэдээллээр Хөвсгөл аймгийн байгалийн  таг, тайга, ойт хээрийн бүсэд ирвэс, хүрэн баавгай, буга, хандгай, аргаль угалз, янгир, шүлүүс, хүдэр, халиу, булга, гөрөөс, сойр, сойсор, хойлог, хилэм гэх мэт 66 зүйлийн хөхтөн, 245 зүйл шувуу, 33 зүйл загас, 4 зүйл хэвлээр явагч, 4 зүйлийн 2 нутагтан амьдардаг байна. Зөвхөн Хөвсгөл аймагт  монгол орны сээр нуруутан амьтдын 52.9%, ховордсон амьтадын зүйл бүрдлийн 50.6% нь амьдарч байна. “Монгол орны улсын улаан ном”-д орсон 31 зүйл, нэн ховор 10 зүйл, ховор 18 зүйл амьтан байна.

 
 
 
 
 
 

Монгол Улсын үндэсний цөөнхийн хамгийн бага төлөөлөл болох цаатан иргэд, монгол орны хамгийн зэлүүд гэж хэлж болох тайгын онгон дагшин байгаль.Технологийн хөгжил, мэдээллийн дарангуйлал, тансаг хэрэглээнд төөрсөн бидний амьдралаас тэс ангид жинхэнэ “МИНИМАЛИСТ” амьдрал энд байв. 

Зүүн, Баруун тайгын аялалаар Цаатан Даваажав, Алтай, Батмөнх нартай танилцан сайн найзууд болж С.Ганбат зайран, Сайнцэцэг удган гэх мэт хүмүүстэй танилцан, ярилцах боломж тохиов. 

Анх тайгыг зорихдоо цаатан хүмүүс бусдыг ховсддог гэх яриаг олон сонссоны дээр бөө, зайран хүмүүсийг ширүүн зан ааштай гэх ойлголттой байв. Харин тайгад очиж эдгээр хүмүүстэй уулзаж танилцсанаар бөөгийн шашин, тайгын амьдрал, тайгын амьтад, цэцэг ургамал, байгал гэх мэтийн талаар мэддэггүйгээ мэдэж, дахин очих, илүү ихийг мэдэх хүсэл эрмэлзлэлтэйгээр “цаг хугацааны аялал”-аа түр өндөрлүүлэв.

Тэмдэглэл бичсэн Ж.Баярмагнай