Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"14 настай хүүхэдтэй эр эмийн харилцаанд орж болох тухай бузар юмыг чуулганы танхимд хэлүүлэх хэрэг байна уу"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид асуулга тавьжээ.

Чуулганы үдээс хойших хуралдаанаар асуулгын хариуг өгсөн юм. Асуулгын хариутай холбогдуулан гишүүдийн хэлсэн үг, асуулт хариултаас онцлон хүргэж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ц.Нямдорж та Эрүүгийн хуулийн 12.5 дэх заалтыг уншиж үзсэн үү. 14 настай хүүхэдтэй эр эмийн харилцаанд орвол торгоно гэсэн агуулгатай заалтыг засаж болохгүй юм уу. Энэ чинь болно гэсэн үг ш дээ. Ийм бузар юмыг чуулганы танхимд надаар хэлүүлэх хэрэг байгаа юм уу. Та 20 жил Хуульзүйн сайд хийсэн хүн өөрөө мэдрээд үүнийг засчихаж болохгүй юу?

Хуульзүйн сайд Ц.Нямдорж: Уншсаан уншсан. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах саналаа тусгаад төслөө боловсруулсан байгаа. Намрын чуулганаар энэ асуудал орж ирнэ.

УИХ-ын гишүүн Ж.Батзадан: Өнөөдөр Хуульзүйн сайд маш чухал асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-аас олон сайхан хууль батлан гаргасан ч амьдрал дээр гэмт хэргийн гаралт нэмэгдээд байгаа нь эмзэглүүлж байна. 2019 оны төсөвт гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчдыг хамгаалах чиглэлээр тодорхой хөрөнгө тусгах боломж байна уу?

Хуульзүйн сайд Ц.Нямдорж: Би УИХ-аас мөнгө нэхэх гэвэл их том тоо хэлнэ. 5,000 хүнд нэг цагдаагийн алба хаагч гэж тооцвол 2,700 орон тоо нэмэх шаардлагатай. Одоогийн байгаа хэмжээнд зохицуулж ажиллаж байна. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх: 2018 онд гэр бүлийн хүчирхийлэл, хамгааллын үйлчилгээнд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн онтой харьцуулахад орон нутагт хуваарилсан мөнгө 12 дахин нэмэгдсэн. Одоогийн байдлаар 2.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр анхан шатны нэгж дээр санхүүгийн хүндрэл байхгүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2012 онд хүүхдийн байцаагчийн орон тоог цомхотгосноос хойш хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь эрс нэмэгдсэн байна. Хүүхдийн байцаагчийн орон тоог эргүүлж бий болгох санхүүгийн боломж байгаа юу. Дараагийн асуулт гудамж талбайг камержуулах ажлын талаар тодорхой мэдээлэл өгөөч?

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Сүүлийн хэд хоног нийгмээрээ айдаст автсан өдрүүд байлаа. Асуудал үүсэхээс өмнө эрсдэлийг ярилцаж шийдэж байх нь бидний үүрэг. Өнөөдрөөс багш нар орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, ААН байгууллагуудад мэдээлэл зөвлөгөө өгнө. 

Цэцэрлэг, сургуулийн орчныг камержуулах ажлыг төсөвт суулгах, донор байгууллагуудаас дэмжлэг авахаар ажиллаж байна. Асуудал гарахаар БСШУСЯ болон цагдаагийн байгууллага руу хошуурах биш 0-16 насны хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах нэг номерын үүрэгтэй эцэг эхчүүдэд хандсан чиглэлээр ажиллана гэж бодож байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хүн бусын үйлдэл хийж байгаа хүмүүст тооцох хариуцлагыг чангаруулах тал дээр Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Мөн архидалт их байгаа нь гэмт хэрэг гарах үндэс болж байна. Архины зөвшөөрлийг хавтгайруулан олгодог оо эргэн хармаар байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Хорих ангиудын нөхцөл байдалтай танилцаад явж байхад хамгийн хүнд нөхцөлтэй нь хүүхдийн хорих анги байсан. Хүүхдийн хорих ангийн орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юу?

Хуульзүйн сайд Ц.Нямдорж: Хүүхдийн хориход цөөхөн хүүхэд байгаа. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоригдох хүүхдийн тоо буурсан. Нэлээд хүнд гэмт хэрэг хийсэн хүүхдүүд л хоригдож байгаа. 

ХЗДХЯ-ны мэргэжилтэн: Бид хүүхдийн хорих гэсэн үгнээс татгалзаж, хүүхдийн сахилга хүмүүжлийн газар болгож мэргэжлийн боловсон хүчнээ бэлдэж ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Уул уурхай дагасан амьдралын хэмнэлээс болж гэр бүл сарниж байна. Мөн архидалт гэр бүлийн хүчирхийллийн үндэс болж байгаа. Гэр бүл сарнилт, архидалтаас болж үр хүүхэддээ хандуулах анхаарал сарниж байгаа асуудалд ямар бодлого баримталж байна вэ?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх: Эцэг эхийн анхаарал сул, үл хайхарч байгаа асуудал нэлээд түгээмэл байгаа. Хүүхдийн тусламжийн утсанд хандаж байгаа хүүхдүүдийн 80 хувийн эцэг эх нь 35-аас доош настай байгаа.

Манай байгууллагын зүгээс гэр бүлийн хүчирхийлэл хийсэн иргэдийг сургалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа: Цахим орчинд хүүхдүүдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар ХЗДХ-ийн яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

ХЗДХЯ-ны мэргэжилтэн: PC тоглоомын газарт нэлээд гэмт хэрэг гардаг. Мөн хүүхэд донтох, эрүүл мэндээрээ хохирох асуудал гарч байна. Энэ асуудал дээр мөн гэр бүлийн орчин дахь хүүхдийн үл хайхрах тухай яригддаг. Бид зөвхөн хуулийн хүрээнд шийдэх гэхээсээ илүү багш, эцэг эхчүүд рүү хандах, мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзэж байгаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.