Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Дим сам бондын нэг тэрбум юанийн эргэн төлөлт өнөөдөр дууслаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Дим сам бондын өр төлбөр, ОУВС-ийн 4 дэх шатны үнэлгээ батлагдсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Нэг тэрбум юанийн Дим сам бондын эргэн төлөлт өнөөдөр төлөгдөж байна. Энэ бол жилийн 7.5 хувийн хүүтэй зээл байсан. 2015 оноос хойшх ханш уналтыг тооцож үзвэл жилийн 15 орчим хувийн хүүтэй зээл болж хувирсан байсан. Энэ өрийг төлж дуусгалаа.

2018 оны зургаадугаар сард хоёр янзын өр төлөгдлөө. Эхнийх нь гадаад өр. Хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн зардалд нийт 27.6 тэрбум төгрөгийг төлсөн. Чингис бондын хүүд 61.8 тэрбум төгрөгийг төлсөн. Ингээд одоо Дим сам бондын өрийн төлбөр хийгдлээ.

Энэ бүгдийг нэмээд үзвэл 460 тэрбум төгрөгтэй тэнцүү хэмжээний гадаад валютын өрийг Монгол Улсын Сангийн яам энэ сард төлж барагдууллаа. Энэ бол зөвхөн гадаад өр төлбөр. 

Үүний дараагаар Сангийн яам дотоод арилжааны нөхцөлтэй зээлүүдийг төлсөн. Үүнд 2013-2017 оны хоорондын төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай гаргасан Засгийн газрын арилжааны өндөр хүүтэй төлбөрүүд орно.

Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн гаргасан "Сайн малчин", "Сайн хувьцаа" зэрэг хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргасны төлбөрүүдийг төлж барагдуулсан. Энэ дотоод бондод 293.4 тэрбум төгрөгийг төлсөн" гэлээ.