Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Богд ууланд төгөл байгуулах төсөлд оролцохыг уриаллаа

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан цаазат Богдхан уулаа хамгаалах үндэсний аяны хүрээнд “Залуу ой” төслийг маргаашаас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Богдхан уулынхаа залуу ойг нэмэгдүүлэх болон дэлхийн экосистемийн үнэт өв, сэрүүн бүсийн ойн төгсгөл хэсгийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, нөхөн сэргээх зорилгоор маргааш 100-150 ширхэг мод тарьж ургуулахаар товлосон байна. 

Монгол орны ойн тооллогын статистик үзүүлэлтээс дүгнэхэд Богдхан уулын ойн санд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах өндөр ач холбогдолтой ой үүсгэгч моддын байгалийнх нь өөрийн сэргэн ургалт нь хангалтгүй гэж дүгнэгдсэн байна. Үүнээс гадна Богдхан уулын нийт 22,129 га ойн талбайгаас 3 га газарт нь залуу шинэсэн ой, 17 га талбайд нь гацуурхан ой ургадаг бол залуу хуш модон ой огт тоологдоогүй. Залуу ойн ургах үйл явц явагдахгүй, зогссон байгаа нь хамгийн ноцтой асуудал юм.

JCI Эко салбар байгууллгагын үүсгэн байгуулагч, Эко сангийн тэргүүн Т.Хасбаатар:

Манай төслийн гол анхаарч буй асуудал нь сэтгэл хөдлөлөөр мод тариад орхих биш шинжлэх ухаанчаар, судалсаны үндсэн дээр мод суулгах, үүний дараа модны ургах үйл явцад анхаарч бүрэн гүйцэт ажлыг хийх юм.

Өвлийн улиралд утаа, агаарын бохирдол нь Богдхан уулын залуу модны хомсдолд нөлөөлж байгаа. Улаанбаатар хот хойд зүгээсээ салхитай байдаг учраас салхины урсгалыг дагаж цахилгаан станцууд, аж ахуй нэгж байгууллагуудын утаа ихээр Богд ууланд ирдэг. Үүнд энэхүү байгууллагууд маань нийгмийн хариуцлагаа ухамсарлаад хамтаар оролцохыг уриалж байна. 

JCI Эко салбар байгууллагын 2018 оны дэд ерөнхийлөгч, Төслийн ерөнхий зохицуулагч Р.Бат-Амгалан:

Монгол орны байгаль орчин гэдэг бол их өвөрмөц тогтоцтой байдаг. Бидний амьдарч байгаа газар ойт хээрийн бүсэд хамаардаг. Сүүлийн жилүүдэд улам эрчимжиж байгаа цөлжилтийн асуудал, ойн хомсдол нь Богдхан ууланд тулгарах гээд байна. Богдхан уул сэрүүн бүсийн цэвдэгт ойн цэгүүдийн нэг юм. Тэгэхээр энэ цэгээ хамгаалах нь цөлжилтийн шар шороон шуурганы нөлөөг багасгаж, тогтоон барих гол цэг юм. 

JCI Эко салбар байгууллагын 2015 оны Ерөнхийлөгч З.Бадрал: 

Бид энэ жилдээ багтаад арван мянган мод тарих зорилго тавьсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газрууд цөөхөн байгаа. “Залуу мод” аян маань бусдыг уриалан дуудаж, олон жил үргэлжлээсэй гэж хүсэж байна.

Иймд Дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар болох Богдхан ууландаа залуу ой төглийг ургуулах энэхүү төсөлд байгаль эх дэлхийгээ гэсэн сайхан сэтгэлтэй иргэд, олон нийт, хамт олон, аж ахуйн нэгжүүдийг хамтаар оролцохыг уриаллаа.