Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утасны микрофоныг алсаас идэвхжүүлж, чагнах технологийн патентыг Фэйсбүүк авчээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компани хэн нэгний гар утасны микрофоныг алсаас идэвхжүүлж, орчны чимээг нь сонсох технологийн патент эзэмшиж байгааг Нью Йорк Таймс сонин олж мэджээ.

Тухайн технологийн зориулалт нь хүмүүсийн гэртээ ямар телевизийн хөтөлбөр, сурталчилгаа зэргийг үзэж байгааг тандах юм. Үүнийг мэдэхийн тулд цацагдаж байгаа хөтөлбөр, зар сурталчилгаа зэрэгт хүний чихэнд сонсогддоггүй аудио тамга (audio fingerprint) суулгаж өгснөөр гар утасны микрофоноор дамжуулан ямар агуулга үзэж байгааг нь таних ажээ.

Ингэхдээ гар утасны хэрэглэгчдэд мэдэгдэхгүй, нууцаар хийх юм.

 

Олж авсан мэдээлэл дээрээ үндэслэн хүн бүрийг ямар хөтөлбөр үздэг, ямар агуулга сонирхдог зэргийг тодорхойлж, сонирхолд нь таарсан сурталчилгааг хүргэдэг болох юм байна.

Гэвч Фэйсбүүкийн энэ патент хувь хүний нууцад халдах боломж үүсгэхээс болгоомжилж байгаагаа мэргэжилтнүүд илэрхийлж эхэлжээ.

Харин Фэйсбүүк даруй мэдэгдэл гаргаж, авсан патентаа хэзээ ч бизнест хэрэгжүүлэхгүй гэж амласан байна.

Тус мэдэгдэлд “Бусад компанийг түрүүлж эзэмшихээс сэргийлж, байх боломжтой патентуудыг авах нь хэвийн үзэгдэл. Уг патентаар авсан технологийг манай ямар ч бүтээгдэхүүнд ашигладаггүй, цаашдаа ч ашиглахгүй” гэжээ.

 

Эх сурвалж: The Guardian