Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэрэннадмид: Шалгалтын цагийн хуваарьт огт өөрчлөлт оруулаагүй

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 29
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог ирэх 2-нд буюу Даваа гарагт албан ёсоор олон нийтэд зарлана. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд хамгийн олон шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн гэх бөгөөд тэр хэрээр санал гомдол ч их байгаа бололтой. Энэ талаар бид Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас тодруулав.

-Энэ жил хамгийн олон төгсөгч төгссөн гэсэн. Хэдэн шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад орсон бэ?

-2018 онд элсэлтийн ерөнхий шалгалтад 43,846 шалгуулагч бүртгүүлсэн. Шалгалтын дүн оноо гараагүй учраас яг хэд нь шалгалтдаа орсныг мэдэх боломж алга. Ирэх даваа гаригаас тодорхой болно байх.

-Говь-Алтай аймагт Химийн шалгалтын цаг өөрчлөгдсөнөөс болоод хүүхдүүд шалгалтдаа орж чадаагүй гэсэн гомдол байна. Энэ талаар танай дээр ямар нэгэн гомдол ирэв үү?

-Манайх бүх аймгаас мэдээллээ авсан. Гэхдээ Говь-Алтай аймгаас тийм гомдол ирээгүй. Одоогийн байдлаар 22 гомдол ирсэн. Үүнээс 18 нь шалгалтаасаа хоцорсон, үлдсэн нь өөр хувийн шалтгаантай байсан. Цаг өөрчлөгдөх асуудал бол байгаагүй. Бид элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хаагдсанаас хойш дөрөвдүгээр сарын 11-нд шалгалтын хуваарийг гаргаж олон нийтэд мэдээлсэн. Түүнээс хойш хуваарьт ямар ч өөрчлөлт ороогүй.

-Хими, орос хэлний хичээлийн шалгалтын цаг өөрчлөгдсөнөөс болоод 150 орчим хүүхэд шалгалтдаа орж чадаагүй юм биш үү. Оргүй зүйл дээр эцэг, эх, сурагчид гомдол мэдүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах шаардлагагүй байх. 150 хүүхэд хохирсон гэсэн мэдээлэл гарсан байхад танайх шалгалтын хуваариа өөрчлөөгүй, тийм гомдол ирээгүй гээд байх юм?

-Хэрэв бид шалгалтын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан бол албан ёсоор мэдээлэл хийж орон даяар зарлах байсан. Дахин хэлэхэд дөрөвдүгээр сарын 11-нд хуваариа зарлаж, бүх аймгийн боловсролын үнэлгээний төв, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн. Хэрэв манайхаас хуваарь өөрчлөөд нийтэд мэдээлэл хүргээгүй байсан бол Химийн шалгалт өгсөн 8,000 шалгуулагч бүгд шалгалтаа өгч чадахгүй гэсэн үг. Яагаад 150 хүүхэд хоцроод бусад нь тогтсон цагтаа өгөөгүй вэ гэдэг бодох л асуудал.

Тэр хүүхдүүдийн яриаг сонсоход шалгалтад орохын өмнө хуваарь харахад 12:00 цагт байсан. Тэгээд хоцорчихлоо гээд эргээд хуваариа харахад өөрчлөгдсөн байсан гээд байгаа. Гэтэл бид дөрөвдүгээр сарын 11-нд гаргасан хуваариа огт өөрчлөөгүй. Бас нэг асуудал байна. Шалгуулагчид бүртгэлийн хуудсаа авахад шалгалтын хуваарь байхгүй байсан гэж. Учрыг нь тайлбарлая. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 16-ний хооронд үргэлжилсэн.

Шалгалтын хуваарь дөрөвдүгээр сарын 11-нд гарсан. Харин зарим шалгуулагч өмнө нь хуваарь гараагүй байхад бүртгэлийн хуудсаа гаргуулж авсан болохоор хуваарьгүй бүртгэлийн хуудас очсон юм билээ. Тэгэхээр шалгуулагчид өөрсдөө хуваариа олохдоо буруу хуваарь олсон байх магадлалтай. Яармагийн гүүрэн дээр автобус саатаж хоцорсон гэх долоон хүүхэд шалгалт эхлээд 10-хан минут болж байхад ирсэн гэж байгаа. Ер нь бол баттай эх сурвалжаас шалгалтын хуваариа авч, элсэлтийн ерөнхий шалгалтын журамд заасны дагуу цагийн өмнө ирж, танхимд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө байраа эзлэхийг бид олон удаа анхааруулсан. Энэ журмаа мөрдсөн бол асуудал үүсэхгүй.

-Шалгалтад орж чадаагүй гэх хүүхдүүдийн гомдлыг яаж шийдвэрлэх гэж байна вэ?

-Энэ талаар БСШУСЯ-тай ярилцаж байна. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтын журманд заасан байдаг. Хэрэв шалгуулагч шалгалтын цагаас хоцроод шалгалтад орж чадаагүй тохиолдолд дахин шалгалт авах боломжгүй гэж. Учир нь, яг шалгалт авч эхэлсэн тухайн хугацаанаас эхлэн шалгалтын материал задардаг.

-Энэ жил Ховд, Орхон аймагт шууд засалтыг туршсан. Үр дүнгийн талаар мэдээлэл өгөх үү?

-Элсэлтийн ерөнхий шалгалтад шилэн технологийг 2019 онд нэвтрүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд хоёр аймагт шууд засалтын төхөөрөмжийг туршлаа. Туршилт ч амжилттай болсон. Харин туршилт хийсэн хоёр аймгийн батламж хуудсыг бусад аймагтай адилхан ирэх даваа гаригаас эхлэн тараах юм. Харин ирэх жилээс шууд засалт орон даяар нэвтэрснээр элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас 14 хоногийн дараа тараадаг байсныг долоо хоног болгоно.

Энэ нь элсэгчид болон бидэнд ашигтай, цаг хугацаа хэмнэнэ. Мөн шилэн технологи нэвтэрч байгаа учраас засалтын үед дүн оноонд нөлөөлдөг гэсэн хардлага байхгүй болж бүх зүйл ил тод болно. Дашрамд хэлэхэд, шалгуулагчдын дүн оноо долоодугаар сарын 1-ний өглөө 09.00 цагт элсэлтийн ерөнхий шалгалтын цахим хуудсанд орно. Ингэснээр шалгуулагчид шалгалт өгсөн харьяа боловсролын газраасаа батламж хуудсаа гардах юм.

Зураг