Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Элсэлтийн бүртгэлийн хураамж ба боловсон дээрэм

Б.Зул, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 29
Үндэсний шуудан
Зураг зураг

Жил бүрийн өдийд буюу зургаадугаар сарын сүүлчээр шинээр их, дээд сургуульд элсэгчдэд тулгардаг нэг бэрхшээл бий. Тэр нь элсэлтийн бүртгэл. Элсэхэд яагаад бэрхшээлтэй юм бэ гэж үү. Уг нь бол элсэлтийн ерөнхий шалгалтын хариу гарсны дараа их, дээд сургуулиуд албан ёсоор элсэлтээ эхлүүлэх учиртай. Гэтэл мөнгө цагаан, нүд улаан болсон өнөө цагт хувийн, хувьсгалын их, дээд сургуулиуд үүнийг умартан элсэлтийн хураамжаар далимдуулан шинэ төгсөгчдөөс мөнгө цохиж байна. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр их, дээд сургуулиуд ЭЕШ-ын дүн гарахаас урьтаж бүртгэлээ эхлүүлжээ. Одоо бараг дуусаж байна.

Хүссэн сургуульдаа очоод бүртгүүлэх гэхээр бүртгэл дууссан гээд л хоосон хаалга мөргүүлнэ. Тиймээс хүссэн мэргэжил, сургуулиа алдахгүйн тулд нэг элсэгч дор хаяж 4-5 сургуульд бүртгүүлдэг. Нэг сургуулийн бүртгэлийн хураамж 9,000-12,000 төгрөг. Ингэхээр нэг элсэгч дээд боловсролтой болохын тулд дунджаар 50 мянган төгрөгийг зөвхөн бүртгүүлснийхээ төлөөлөгч байгаа юм.

Улсын гэх тодотголтой нэг сургуульд жилд дунджаар 6,000 орчим хүүхэд бүртгүүлдэг. Харин улсдаа томоохонд тооцогдох хувийн сургуульд дээрх тооноос хоёр дахин бага. Тэгэхээр нэг сургууль зөвхөн бүртгэлийн хураамжаас л 30 сая орчим төгрөг халаасалж байгаа юм. Энэ бол хүний сурч мэдэх гэсэн хүсэл эрмэлзэл дээр тулгуурласан боловсон дээрэм.

Би өнөөдөр таван сургуульд бүртгүүлтэл ЭЕШ-ын дүн гарсны дараа миний авсан оноо тухайн их, дээд сургуулийн тогтоосон босго оноонд хүрэхгүй бол яах вэ. Яавал гэж дээ, бүртгэлийн хураамжаараа хохироод л үлдэнэ. Шалгалтдаа олигтойхон бэлдэхгүй яав гэдэг үгийг сонсох гэж би 4-5 сургуульд бүртгүүлээгүй баймаар. Хамгийн инээдэмтэй нь бүртгэлийн тоо дууссаны дараа ЭЕШ-ын дүн гарна.

Дүн гарсны дараа сургуулиуд нэмэлт элсэлт гэх нэрийн дор дахиад л мөнгө цохих ажлаа эхэлдэг. Энэ бол Монголын дээд боловсролын тогтолцоонд тогтсон хамгийн том буруу жишиг юм. Яг өнөөдөр улсын гэх тодотголтой хэдхэн сургууль л элсэлтээ авч эхлээгүй байна. Үнэндээ тэдний тэвчээр барагдаж байгаа биз. Яагаад гэвэл салбарын яамнаас нь хориг тавьсан учраас тэр. Түүнээс биш сургуулийн дотоод журам гэх цагаан цаасан дээр хар балаар бичсэн хэдэн мөр үгийг өмнөө барьж элсэгчдийг холгох хүсэл боловсролын салбарын бизнесменүүдийн толгойд байнга эргэлдэж байгаа биз. Хувийн ихэнх сургуулийн бүртгэл өнөөдрөөр дуусаж байгаа бололтой.

Мэдээж тэд боловсролын үзэсгэлэн яармаг, ЭЕШ-ын албан ёсны дүн гарахтай зэрэгцэн дахин элсэлт авахаа мартахгүй. Энэ бол зүгээр л бяцхан заль. ЭЕШ-ын дүн гарахаас өмнө элсэлт авч эхэлдэг хувь, хувьсгалын сургуулиудын дотоод журмыг салбарын яам бодлогоор зангидаж, зохицуулалт хийхгүй бол би, бид элсэлтийн бүртгэлийг суралцах боломжгүй сургуульдаа зарцуулмааргүй байна. Тэр мөнгө миний аавын, ээжийн, ах, эгчийн халааснаас гардаг. Тиймээс их, дээд сургуулийн элсэлт нэрийн дор иргэдэд бага дарамт учруулаасай гэж хүсье.

Зураг