Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дэгийн тухай хуулиас ирц хангаагүй гишүүнийг эгүүлэн татах заалтыг хасаж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх журамтай холбогдсон өөрчлөлтийг бүхэлд нь хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа онцлов. 

Мөн өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар хоёр заалтыг хасахаар болсон юм.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг тус тус хасахаар болов.

Ингэснээр:

  • Гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд хоцорсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдсан нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол гишүүнийг эгүүлэн татах,
  • Гишүүн Байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан гурваас дээш удаа оролцоогүй бол түүнийг тухайн Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гаргана гэсэн агуулгатай заалтууд төслөөс хасагдаж байгаа юм. 

Эдгээр заалт нь гишүүний бүрэн эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байгаа учраас хасах нь зүйтэй гэдгийг төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олон гишүүн гаргажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар хуулийн төслийн хэрэгжих хугацаа, ирцийн асуудлаар УИХ-дахь намын бүлгүүд хариуцлага хүлээх эсэх, хурууны хээгээр санал өгөх боломжийн талаар тодруулсан. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүн  хариултдаа, хуулийг  ердийн журмаар дагаж мөрдөх тул УИХ-ын 2018 оны намрын чуулганаас шинэ дэгээр хуралдах болно гэдгийг тодотгохын зэрэгцээ гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх болсон нь шинэ шатанд гаргаж байгаа. Дэлхийн 100 гаруй орны парламентад гишүүд нь  картаар ирцээ бүртгүүлж, санал өгдөг тогтолцоотой байгаа бөгөөд ердөө 10 гаруй хувь нь  хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг. Хурууны хээгээр санал өгөх техник хэрэгсэл авахад зайлшгүй хөрөнгө, мөнгө багагүй шаардагдаж байгаа гэдгийг хариултдаа тодотгов. 

Ингээд хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлд 8.6 дахь хэсгийн “санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болно” гэснийг хасах, “төслийн 2 дугаар зүйлд “10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй гэсэн өгүүлбэр,” нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.  Түүнчлэн төслийн 6 дугаар зүйлийн “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “2019 оны 04 дгээр сарын 05-ны өдрөөс” гэж өөрчлөх санал дэмжигдлээ. 

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж дууссны дараа хуулиудын нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.