Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Apple, Samsung компаниуд тохиролцож, 7 жил үргэлжилсэн маргаанаа хаалаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн дизайныг Samsung компани хулгайлсан асуудлаар долоон жил үргэлжилсэн маргаан өчигдөр албан ёсоор өндөрлөжээ.

Анх 2011 онд Apple Өмнөд Солонгосын компанийг iPhone-ий хэд хэдэн дизайныг хулгайлсан хэргээр шүүхэд өгч байв. Улмаар Apple 2012 онд ялж байсан юм.

Гэвч өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Samsung дээд шүүхэд давж заалдан, хэрэг нь дунд шатны шүүхэд буцах зэргээр сунжирсан тэмцэл өрнөсөн байна.

Харин өчигдөр буюу Лхагва гарагт компаниуд тохиролцоонд хүрч, хэрэг хаагдсаныг Хойд Калифорний тойргийн шүүхээс зарлажээ.

2011 онд Apple компанийн шүүхэд гаргасан гомдолд “Бусдаас ялгаатай бүтээгдэхүүн хөгжүүлэхийн оронд Samsung компани Apple-ийн технологийн инновац, давтагдашгүй хэрэглэгчийн интерфэйс, бүтээгдэхүүний болон сав баглааны өвөрмөц, уран нарийн хийцтэй дизайныг сохроор хуулбарлаж, Apple компанийн үнэ цэнэтэй оюуны өмчийн эрхийг зөрчиж байна” гэж өгүүлсэн байдаг.

Өнгөрсөн сард шүүхээс Samsung компаниар Apple-д $539 саяыг төлүүлэх шийдвэр гарч байв. Тэгвэл өнөөдөр тэд хэдийг төлж хэргийг хаахаар тохиролцсон нь нууц байгаа юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Apple бас нэг оюуны өмчийн хулгайн асуудлаар шүүх дээр ялалт байгуулж, Samsung-аас $120 саяыг төлүүлж байжээ. Энэ нь “Slide-to-unlock” буюу дэлгэцэн дээр хуруугаар гүйлгэж, дэлгэцний түгжээг нээдэг арга байсан юм.

Apple компани өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлдээ “асуудлын гол нь мөнгөнд биш, дизайн шийдлээ хуулуулалгүй авч үлдэх нь бидэнд илүү үнэтэй” гэж тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: Quartz