Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНХААР: Монголд 2 цаг тутамд объектын гал түймэр гарч улмаар 7 хоногт 1 хүн амь насаа алдаж байна

Б.Ану
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн түүхэнд гарч байсан хамгийн том хохирол дагуулсан гал түймрийн нэг болох 1666 оны Лондонгийн их түймэр хотын дүр төрхийг тэр чигээр нь өөрчилсөн төдийгүй дэлхийн түүхэнд томоохон өөрчлөлт оруулсан билээ. 

Юу гэхээр гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хамгаалах зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулсан үйл явдал болсон юм.

Гал түймэр бол хором мөч бүхнээр хэмжигдэж хүний амьдралд маш их гарз хохирол дагуулдаг гамшигт үзэгдэл. Хүн төрөлхтөн суурьшин амьдарч ирсэн цагаас эхлэн дан ганц ой хээрийн түймрээс гадна объектын гал түймэр гэгч аюул гарч ирсэн. Энэ эрсдэлд анхаарал хандуулахгүй явсаар олон удаагийн гал түймрээр асар их хэмжээний хохирлыг амсаж байжээ. 

 

Лондонгийн 1666 оны түймэр талхчны байшингаас эхэлж Их Британийн нийслэл хотод дөрвөн өдөр үргэлжлэн 13 мянган байшин,  70 мянган хүн орон гэргүй болсон асар их гамшиг дагуулсан том түймэр болсон юм. 

Түймэр маш хурдан тархаж хот тэр аяараа өртсөний шалтгаан бол хотын барилга байгууламжууд ихэнх нь модоор хийгдсэнд байлаа. Тиймээс хотын сэргээн босгох ажлыг хийхдээ зөвхөн чулуун, тоосгон барилга барьж эхэлсэн байна.

Мөн барилгын тогтвортой байдлыг харгалзан дээд давхар нь доод давхраасаа илүү гарсан байж болохгүйг хуульчилж байжээ. Тухайн үед түймэрт өртөж сүйрсэн байшингуудад даатгал гэж байгаагүйн улмаас гэр орноо алдсан хэдэн арван мянган иргэд хохирч үлдсэн. Түймрийн дараа эдийн засагч Николас Барбон 11 хамтрагчийнхаа хамт анхны хөрөнгийн даатгалын компанийг Орон сууцны даатгалын алба нэртэйгээр байгуулж тухайн үедээ 5,000 орчим байшинг даатгасан байна.  

Түүнчлэн 17-р зууныг хүртэл Европт зохион байгуулалттай гал унтраах анги байгаагүй бөгөөд Лондонгийн их түймрийн дараа даатгалын компаниуд хувийн гал унтраах ангитай болж даатгагдсан байшингуудаа галын аюулаас хамгаалах болсон нь нэгдсэн гал унтраах алба үүсэх эхлэл болсон байна. 

Энэ үеэс гал түймрийн эрсдэлтэй идэвхтэй тэмцэж бууруулах арга замыг эрэлхийлж ирсэн боловч уг эрсдэл одоог хүртэл дэлхий нийтэд аюул занал учруулсаар байна. Нэн ялангуяа орчин үед төвлөрөл нэмэгдэж байгаагаас шалтгаалж гал түймрийн давтамж болон учруулж буй хохирлын дүн хурдацтай нэмэгдэж байгаа юм. Гал түймэр ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй буюу галын аюултай бодис материалтай санамсар болгоомжгүй харьцах, цахилгаан эрчим хүч ашиглалтын дүрэм зөрчих гэх мэт сэргийлж болох эрсдэлүүд байгаа нь харамсалтай. 

Дэлхийд жил бүр 265,000 хүн объектын гал түймрийн аюулаас болж амиа алдаж байгаа бөгөөд энэ нь зөвхөн өнөөдөр л гэхэд 726 хүний шалтгааны улмаас нас барсан гэсэн үг юм. 

Амиа алдагсдын дийлэнх нь буюу 96 хувь нь дундаж болон дунджаас доогуур орлоготой оронд хамаарах бөгөөд хөгжингүй улсуудад энэ эрсдэл харьцангуй бага байна. Учир нь тэд аюулгүй ажиллагаа, галын аюулаас сэргийлэх зөвлөмжийг сайтар дагаж, ойлгож хэрэгжүүлдэг билээ. 

Монголд объектын гал түймрийн 11 тохиолдол бүрийн 1 нь хүүхдийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж байна

Монгол улсын хувьд нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суух Улаанбаатар хотод гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Үүнийг батлах мэт сүүлийн үед орон сууц, үйлдвэр үйлчилгээний газруудад гал түймэр цөөнгүй гарч байна. Томоохон жишээ гэвэл 2017 онд Говь ХК-ийн үйлдвэрийн байранд, 2016 онд Нарантуул худалдааны төвд, 2014 онд Шангри Ла зочид буудалд гал гарч байсан. 
 
Шангри Ла зочид буудалд гарсан гал түймэр

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Нарантуул худалдааны төвд гарсан гал түймэр

 

Говь ХК-ийн үйлдвэрийн байранд гарсан гал түймэр

 

БЗД-ийн 1-р хороонд байрлах орон сууцанд гарсан гал түймэр

 

Мэргэжлийн байгууллагуудаас тооцоолон гаргасан Үндэсний Суурь Эрсдэлийн Индекс бидэнд энэхүү аюулыг бодитоор үнэлэх боломжийг олгож байна. Уг индексийг хэмжиж тодорхойлох нь эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж эрсдэлийг бууруулах арга замуудыг тодорхойлоход өндөр ач холбогдолтой билээ.

График 1, Монгол Улсын объектын гал түймрийн эрсдэл, (Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ)

2016 онд объектын гал түймрийн эрсдэлийн индекс 5.5 болж өмнөх оноос 0.6 нэгжээр буурсан байна. Үүнд тухайн жилд уг эрсдэлийн тохиолдлын тоо 18.7%-аар, учирсан хохирлын хэмжээ 26%-аар буурсан нь голлон нөлөөлжээ.

Статистик баримтыг хөрвүүлбэл Монгол улсад хоёр цаг тутамд объектын гал түймэр гарч улмаар 7 хоногт 1 хүн амь насаа алдаж байна.

График 2, Обьектын гал түймэр тохиолдлын тоо болон нас барсан хүний тоо 

ОБЕГ-ын илтгэлд олон улсын судалгаагаар иргэдийн орон байранд гарсан галд өртөж амь эрсдэх нь нийт галын аюулд амиа алдаж байгаа хүмүүсийн 75 хувийг эзэлж байгаа талаар дурдагджээ. Орон байранд гарч буй түймрийн дийлэнх нь цахилгаан хэрэгслээс шалтгаалж гарч байна.

​График 3, Монголд гарч буй гал түймрийн шалтгаан, график дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу,

Уг эрсдэлийг бууруулахын тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бол урьдчилан сэргийлэх явдал бөгөөд дараах урьдчилан сэргийлэх энгийн арга хэмжээг авснаар орон байрны галын эрсдэлийг бууруулж чадна.

  1. Галын аюултай эд зүйлсийг тодорхойлох. Эдгээр эд зүйлсийн хоорондын зай 1 метрээс багагүй байх хэрэгтэй.
  2. Унтлагын өрөөнд болон унтах гэж байхдаа тамхи татах, лаа асаах зэргээр ил гал гаргахаас зайлсхийх
  3. Монголд объектын гал түймрийн 11 тохиолдол бүрийн 1 нь хүүхдийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж байна. Ийм учраас хүүхдүүддээ шүдэнз, асаагуур зэрэг гал гаргах хэрэгсэл тоглоом биш гэдгийг сайтар анхааруулж ойлгуулах, шаардлагатай тохиолдолд гар хүрэхгүй газар тавих
  4. Галын дохиолол тавих, түүний хэвийн ажиллагааг тогтмол шалгах
  5. Гал түймрийн үед аюулгүй гарц, ослын дараа цуглах цэгийг тодорхойлох

Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд өргөжин тэлж, барилга байгууламж их болж байгаатай зэрэгцээд иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй гал түймрийн тохиолдол их гарах болсон. 

Цахилгаан төхөөрөмжтэй буруу харьцах, эрчим хүч ашиглалтын дүрэм зөрчих зэрэг хувь хүмүүсээс хамааралтай шалтгаанууд гал түймрийн голлох шалтгаан болж байгаа. 

Мөн нэг анхаарал татсан асуудал бол нийслэл хотын төвийн байшин барилга орж гарах зам чөлөөтэй бус, мөн хотын захад хаягжилт дутуу, алдаатай байдгаас шалтгаалан дуудлага авсан гал унтраах машин, аврах баг шуурхай очиж амждаггүй. Энэ байдал нь гал түймрийн хохирлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байна. 

Мэдээж гал гарахаас өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн оновчтой арга юм. Гадны орнуудад галын аюулгүй байдлын стандартыг нийтээр дагаж мөрддөг, энэ стандартыг биелүүлээгүй тохиолдолд оногдох шийтгэл нь өндөр байдаг. Жишээ нь Их Британид галын аюулгүй байдлын стандартыг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгуулиас эхлээд 2 жил хүртэл хорих ял ногдуулдаг. 

Гэтэл манай улсад дээр дурдсанчлан галын аюулгүй байдлын стандартыг мэддэггүй, мэдсэн ч түүнийг дагаж мөрдөхгүй байгаа нь гал түймрийн эрсдэл өндөр байгаа шалтгаан юм. Тиймээс албан байгууллага нь ажилчиддаа галын аюулгүй байдлын зааварчилгааг сайтар олгож, түүнийг дагаж мөрдөх дадлыг хэвшүүлэх, мөн төрийн байгууллагын зүгээс иргэдэд галын аюулаас сэргийлэх мэдээ, мэдээлэл түгээх үйл ажиллагаа чухал байна.

Хэрэв танд энэхүү эрсдэлийг бууруулах талаар шинэ санал, санаачилга байвал info@mandal.mn цахим хаягаар холбогдоорой.  Мандал Даатгал компанийн “Эрсдэлийн удирдлагын клуб”-ын хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байна.


Мэдээллийг хамтран бэлтгэсэн: Мандал даатгал