Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Японы сансрын станц дэлхийгээс 280 сая километр зайтай астероидод хүрлээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Японы сансрын судалгааны станц 3.5 жил үргэлжилсэн аялалын эцэст нэгэн астероидод хүрч ажлаа эхлүүлсэн байна.

Автомат удирдлагатай Хаяабуса 2 станц нь судлах гэж байгаа астероиддоо 20 км ойртож очоод байгаа юм. Харин уг астероид нь дэлхийгээс 280 сая километрийн зайд байгаа. Ирэх нэг жил, хагасын хугацаанд станц нь астероидын гадаргууд гурван удаа хүрэх оролдлого хийж, хөрснөөс нь дээж авсныгаа дэлхий рүү авч ирэх юм.

Хэрвээ бүх ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл астероидын дээжээс манай нарны системийн үүсэл, дэлхий дээрх амьдралын эх үүсвэр зэргийн талаар эрдэмтэд олж мэдэх гэнэ.

Робот станц эхлээд хоёр сарын турш түр газардахад тохиромжтой цэгийг астероидын гадаргаас хайх юм. Астероидын гадарга маш халуун тул газардахдаа хэдхэн секунд болох гэнэ. Японы домогт гардаг далай доорх газраар нэрлэгдсэн Рюгу астероид нь 900 орчим метрийн диаметртэй.

Бөмбөрцөг гэхээсээ илүү шоо хэлбэртэй гэмээр биет болохыг Японы сансар судлалын агентлагийн авсан зураг харуулж байгаа юм. Мөн гадарга дээрээ олон тооны тогоотой тул газардаж, дээж авах ажиллагаа маш хэцүү болохыг судлаачид онцолж байна.

Анхны газардах ажиллагаа ирэх ес, аравдугаар сар орчимд төлөвлөгджээ. Ирэх оны дөрөв, тавдугаар сар орчим сүүлийн газардалт болох бөгөөд үүнээсээ өмнө Хаяабуса 2 станц астероид руу тэсрэх сум харваж, дэлбэлэн тогоо үүсгэнэ. Гэхдээ дэлбэрэлтээс өмнө Хаяабуса 2 станц өөрөө астероидын нөгөө талд гарч нуугдах юм. Тэнд 2-3 долоо хоног нуугдаж, дэлбэрэлтээс үүссэн хэлтэрхийнүүд сарниж, аюулгүй болоход тухайн үүсгэсэн тогоондоо газардаж, хөрсний гүнээс ил гарсан дээжийг цуглуулах ажээ.

Нарыг тойрон эргэлддэг энэхүү астероид нь манай нарны аймгийн хамгийн эртний биетүүдийн нэг тул судалгааны объект болоод байгаа юм.

Хаяабуса 2 станц 2014 оны сүүлээр дэлхийгээс хөөрсөн ба 2020 оны сүүлээр эргэж ирнэ. Хаяабусагийн анхны загвар нь 2003-2010 оны хооронд өөр астероидоос дээж авч ирж байсан. Анхны станц нь удаа дараагийн техникийн алдаа доголдлоос болоод төлөвлөсөн хугацаанаасаа 3 жилээр сунжирсан аялал хийж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press