Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баянмөнх: Допингийн шинжилгээг авлигын арга хэрэгсэл болгож байна

ikon.mn
2018 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлага болон эмч нарыг шалгуулахаар АТГ-т хандсан. Тодруулбал, тус төвд ажиллаж байгаа хүмүүс нь ах дүү, хамаатан садны холбоотой. Шинжилгээ авахдаа ямарч хяналтгүй явагддаг. Тиймээс эдгээр хүмүүсийг шалгуулахаар болсон хэмээн мэдэгдсэн юм. 

Харин АТГ-аас “Дархан аварга Х.Баянмөнхийн гомдлыг шалгаж байгаа” гэсэн юм. Улмаар өнөөдөр мэдүүлэг авахаар дууджээ. Дархан аварга Х.Баянмөнх мэдүүлэг өгөхөөр орохоосоо өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Дархан аварга Х.Баянмөнх “АТГ-аас мэдүүлэг өгнө үү гэж дуудсан. Энэ дагуу мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Би бөхчүүдийнхээ эрх ашигийг хамгаалахаар явна. Өнгөрсөн 16 жил МҮБХ хууль бус ажиллагаа явуулсаар ирсэн. Олон ч хууль бус үйлдэл бугшсан. Үүнээс допингийн асуудал маш их анхаарал татсаар ирсэн. Допингийн шинжилгээг хууль бусаар авч, ямарч хяналтгүйгээр хариуг нь гаргаж, илрүүлж байна. Ерөөсөө хэдхэн хүний эрх ашиг, дур зоргоор явж байна. Хууль дүрэм, хүний эрх зөрчиж байна.

Энэ Допингийн эсрэг төвийг хэн байгуулсан юм, ямар бүтэцтэй ажилладаг юм, ажилчдаа ямар ур шалгуулаар авдаг юм, допингийн шинжилгээг авахдаа яагаад хөндлөнгийн хяналт оруулдаггүй юм, яагаад хяналттайгаар хариуг нь задалдаггүй юм, хэдэн номерын шилэнд хэний шээс байгааг хяналтын дор явуулдаггүй юм гээд олон асуудал бүрхэг байгаа учир үүний цаана авлигын шинж байна уу гэж үзэж АТГ-т хандсан.

Бидэнд ирсэн мэдээллээр Допингийн эсрэг Үндэсний төвийн орлогч захирал Г.Сүхбат нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуулийн захирал, тус төвийн их эмч Э.Энхсанаа нь “Аварга” дээд сургуулийн багш, Э.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалан нь Допингийн эсрэг Үндэсний төвд хяналтын ажилтан, Энх-Амгалангийн ахынх нь хүү Хайдавдорж нь тус төвийн хяналтын ажилтан хийдэг гэж байна. Энэ нь авлигын шинж чанартай болсон юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Бөхчүүдийн нэр төрийг гутаадаг, сэтгэл санаагаар унагадаг, бэлтгэлийг нь муутгадаг арга хэрэгсэл болж байгаа юм биш биз гэх болгоомжлол байна. Энэ арга хэрэгслээ ашиглаж, улсын наадамд төрүүлэх магадлалтай бөхчүүдийг залхаан цээрлүүлж байгаа юм биш биз гэх хардлага сэрдлэгэ байгаа учир АТГ-т хандсан” гэлээ. 

-Ингээд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Үндэсний баяр наадмын комиссоос допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй гэх шийдвэрийг гаргасан байна. Үүнд та ямар байр, суурьтай байна? 

- Барилдуулахгүй байх шийдвэрийг гаргаж болно. Гэхдээ хяналттай, баталгаатай баримтад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргах ёстой. Хуулийн ганц л заалт бий. Баяр наадмын тухай хуулинд тав давсан 16 давсан бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Өнгөрсөн жил тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад илрээгүй. Түүнээс хэн, дуртай хүн дуртай цагтаа бөхийг дуудаад допингийн шинжилгээг авч болохгүй. Бат-Орших, Даш нарын барилдах эрхийг нь шүүхээс сэргээсэн. Гэтэл тэр хүмүүсийг барилдуулахгүй гэж байна. Шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдлийг эдлээд байна шүү дээ. 

- Бөхийн салбар хоорондын хуралдаан дахин хуралдсан уу. Ойлголцол ямар түвшинд явж байгаа вэ? 

- Үндэсний их баяр наадмын комисст хоёр холбооны алинаас нь ч төлөөллийг оруулаагүй. Хууль зүйн яамны ТНБД Баясгалан “Би наадмаа хийнэ” гэж хэлсэн. Цагдаагийн хүчээр хийх гэж байгаа юм байлгүй. Тэгэхээр тэр хүн оноолтоо хийж, цолоо дуудах гэх мэт бүхий л ажлаа хийх юм байлгүй. Тэр хүн хууль бус холбооны хүмүүстэй холбоотой. Тэгэхээр тэд нараасаа зөвлөгөө аваад хийх байх.

 

Б.Анир