Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

М.Сэлэнгэ: "Монголын сайхан бүсгүй" уралдаанаас усны хувцастай гарааг хассан

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 26
Үндэсний шуудан
Зураг зураг

Монгол эмэгтэйн эрхэмсэг төрх, гоо үзэсгэлэнг алдаршуулах зорилгоор Монголд ардчилсан хөдөлгөөн дөнгөж эхэлж байхад буюу 1989 оноос “Монголын сайхан бүсгүй" хэмээх наадмыг зохион байгуулах болсон билээ. Тухайн үед анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэръяа тодорч байсан бол түүнээс хойш Д.Уянгалянхуа, Ч.Мичидмаа, нэвтрүүлэгч Г.Ичинхорлоо, Ё.Нямжав, А.Сарнай, Г.Гантуяа, топ модель Э.Одгэрэл тэргүүтэй сайхан бүсгүйчүүд энэ наадмыг өнгөлсөн байдаг.

Гоо сайхны тэргүүн наадам хэмээн өргөмжлөгдөж явсан тус уралдаан нь хамгийн сүүлд 2007 онд зохион байгуулагдсанаас хойш 11 жил завсарлажээ. Тэгвэл ирэх онд болох 30 жилийн ойн хүрээнд “Монголын сайхан бүсгүй" наадмыг Монголын эмэгтэйчүүдийн ‘Хатан-Эрдэнэ” холбооныхон дахин сэргээж, энэ сарын 30-нд шилдгүүдээ тодруулах гэж байна. 11 жилийн дараа эргэн ирсэн тус наадмын талаар тус холбооны дэд ерөнхийлөгч, 2001 оны “Монголын сайхан бүсгүй”уралдааны ‘Тана" эрдэнийн өргөмжлөлт М.Сэлэнгэтэй ярилцлаа.

-“Монголын сайхан бүсгүй” уралдааныг 11 жилийн дараа дахин сэргээж, хэдхэн хоногийн дараа ялагчаа тодруулах гэж байна. Бэлтгэл ажил хэр байна вэ?

-Бараг 80 хувьтай. Хэдхэн хоногийн өмнө л бид эцсийн шатанд тунаж үлдсэн шилдэг 18 оролцогчоо анх удаа олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Бэлтгэл ажлын хүрээнд өөр олон зүйл амжуулсан. Уралдаан маань “Зайсан хилл” цогцолборт болно.

Тиймээс уралдаан болох газрынхаа тайзны заслаас эхлээд ойрд тун завгүй л явна. Ийм том уралдааныг дахин сэргээж байгаа учраас бидэнд алдах эрх байхгүй. Тиймээс бүх зүйлээ нарийн зохион байгуулалттай, нягт нямбай хийхийг л эрмэлзэж ажиллаж байна даа. Бэлтгэл ажил хангана гэдэг тийм ч амар биш юм байна гэдгийг мэдэрлээ.

-“Монголын сайхан бүсгүй” уралдаан 11 жил завсарлажээ. 11 гэж байгаа боловч 14 жил юм шиг байна. 2004-2006 оны хооронд бас завсарлаад 2007 онд зохион байгуулахад Г.Гантуяа түрүүлж байсан санагдлаа. Чухам яагаад завсарлав?

-Шууд 14 жил гэхээр эвгүй юм. Миний хувьд бол 11 жил гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хамгийн сүүлд 2007 онд зохион байгуулагдсан шүү дээ. Тухайн үед олон байгууллага миссийн уралдаан зохион байгуулах болсон. Сайхан бүсгүй шалгаруулах анхны уралдаан гэдэг утгаараа бид нэр хүндээ хадгалж авч үлдэхийг хүссэн учир үйл ажиллагаагаа зогсоосон. “Монголын сайхан бүсгүй" гэдэг агуулга нь маш өргөн хүрээтэй юм. Тиймээс тухайн үед борооны дараах мөөг шиг олширсон олон миссийн тэмцээнүүдэд боломж олгох үүднээс завсарласан юм. Нэг ёсондоо ижил төрлийн уралдаан зохион байгуулагчдаа дэмжсэн гэсэн үг.

Одоо энэхүү уралдаанаа дахин сэргээсэн шалтгаан нь эмэгтэйчүүдийн соёл, боловсрол, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээгээ зохион байгуулахгүй бол болохгүй нь гэж бодсон. Манай уралдаан монголын охид, бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг таниулах, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд дуу хоолойгоо өргөж, нийгэмд эерэг хандлагыг үлгэрлэх зорилготой.

Нэгдүгээр ангийн жаахан охидоос “Том болоод ямар мэргэжилтэй болох вэ” гэхээр “Мисс болно” гэж олонх нь хариулдаг. Уралдааны ялагч хүмүүнлэг, энэрэнгүй эмэгтэй хүний дотоод гадаад хосолсон гоо сайхан цогц шийдлээр залуу үедээ үлгэр дуурайлал болон сонгогдох учиртай юм. Эцэст нь хэлэхэд Монголын сайхан бүсгүй гэж ямар байх ёстойг л бид харуулах зорилготой.

-Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааны бусад тэмцээнээс ялгарах онцлог нь юу вэ?

-15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор эмэгтэй хүний нандин, ухаалаг нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэгтэйгээ хослуулан хөгжүүлж буй монголын охид бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг нээн алдаршуулах зорилготой. Тэмцээний онцлог гэвэл усны хувцастай гарааг халсан. Тайзан дээрх финалын тоглолт дээр үндэсний хувцас, гоёлын хувцас шүүлтийн 30, бусад хүмүүнлэг, оюунлаг хүний дотоод мөн чанарыг илтгэх оноо 70 хувь буюу хамгийн өндөр оноотой байгаа.

-Усны хувцастай гарааг халсан гэв үү. Яагаад тэр билээ. Эмэгтэй хүний биеийн гоо сайхныг харуулах ran төрөл шүү дээ?

-Монгол эмэгтэй хүн эртнээс бүрэг ичимхий даруу төлөв зантай. Эмэгтэйчүүд ирээдүйд гэрийн эзэгтэй, эх хүн, ирээдүйн захирал манлайлагч болно. Тэр утгаараа охидын усны хувцастай дүр төрхийг олны өмнө харуулах нь тохиромжгүй гэж үзсэн. Ер нь сүүлийн үеийн миссийн уралдаанд охидын усны хувцастай гараа нийгэмд буруу ойлголт өгч байна. Ялангуяа техник технологи, сошиал медиа хүчтэй хөгжсөн энэ цагт жижиг зүйлээр далимдуулан бусдын нэр хүндэд халдах, дарамтлах, гутаан доромжлох үйлдэл гарах нь хэвийн үзэгдэл болжээ. Тиймээс үүнийг буруугаар битгий ашиглаасай, эмэгтэй хүний нэр хүндийг битгий гутаагаасай гэж үзсэн учраас энэ үзүүлбэрийг хассан.

Хамгийн гол нь энэ гарааг хасахад маш олон хүн баярлаж байгаа. Тиймээс бид зөв зүйл хийжээ гэж дүгнэж байна. Явцын шалгаруулалтын үед зохион байгуулагч, оролцогч болон оролцогчийн эцэг эх гэсэн гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээнд бүх зүйлээ хатуу зааж өгсөн. Гэрээг ямар нэгэн байдлаар зөрчих юм бол өргөмжлөл, титмийг нь хурааж авна.

Жишээ нь, “Монголын сайхан бүсгүй”-гээр шалгарсан ялагч, эсвэл есөн эрдэнийн өргөмжлөлт оролцогчид ёс зүйн дутагдал гаргах, олон нийтийн сүлжээнд нүцгэн зургаа авхуулах, бүр нарийн яривал насанд хүрэгчдэд + 18 кинонд тоглох зэрэг үйлдэл гаргавал гэрээнд заасны дагуу титмээ хураах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Энэ нь бид хэн нэгэнд хатуурхах бус эмэгтэй хүний нандин чанарыг хадгалж үлдэхийг л хичээж байгаа юм. Дээрээс нь ирээдүйд эх хүн болох учраас сэтгэц нь сэв суулгахгүй байх эрмэлзэлтэй. Ер нь бол нийгэмд зөвөөр үлгэрлэж чаддаггүй эмэгтэй хүн сайхан бүсгүй байж чадахгүй. Тийм цолоор алдаршуулах ч шаардлагагүй.

-Миссийн тэмцээний чанар алдагдаж байгаа талаар хүн бүр ярьдаг. Дээрээс нь шүүлтийн асуудал байна. Энэ бүхэн дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Чанар муутай, өнгө мөнгө харсан тэмцээн олон байгаатай санал нийлдэг. Ер нь бол олон улсын уралдаанд оролцуулах болзолтой байдаг юм билээ. Энэ нь эргээд миссийн уралдааны үнэ цэнийг алдагдуулах болжээ. Хамгийн гол нь уралдаан цаанаа асар том агуулгатай байх ёстой. Агуулга бий болгоод, түүнийгээ цааш нь бодитоор хэрэгжүүлж байгаа тохиолдолд олон миссийн уралдаан байхад буруутахгүй. Үнэхээр ингэж чадвал энэ олон уралдаан Монголын нийгэм болон хувь хүний хөгжилд илүү өөрчлөлт гарна. Харин ёс төдий л байвал олон уралдааны хэрэг алга. “Монголын сайхан бүсгүй” бол гоо сайхны тэргүүн наадам юм.

Тэр утгаараа бид анхнаасаа агуулгын хувьд өргөн цар хүрээтэй зохион байгуулж байсан, одоо ч үргэлжлүүлж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд 18-25 насны залуу охид юу юугүй гадагшаа тэмүүлэхээс илүүтэй эхлээд дотооддоо өөрийгөө нээ, хөгжүүл, боловсор. Хүмүүнлэгийн үйлсэд дуу хоолойгоо өргө. Дараа нь өөрөө бүрэн боловсорсны дараа гадаад орон руу хандаж болно. Заавал охид гэлтгүй бид бүгдээрээ гадагшаа гарахаасаа өмнө эхлээд дотооддоо боловсормоор байгаа юм. Дотооддоо боловсорч чадаагүй байж гадагшаа гараад боловсорно гэж байхгүй.

-Сайхан бүсгүй, миссийн тэмцээний гол шалгуурын нэг нь хүмүүнлэгийн ажил байдаг. Тэгвэл танай уралдаанд тунаж үлдсэн оролцогчид хэр олон ийм арга хэмжээнд оролцов. Идэвх нь ямар байна вэ?

-Уралдааны явцад 5-6 хүмүүнлэгийн болон нийгэмд чиглэсэн ажил хийлээ. Хамгийн сүүлд л гэхэд бид Дархан-Уул аймагт байрлах асрамжийн төвд ажиллаад ирлээ. Хүүхдүүдийн төлөвшил, боловсрол, эмэгтэйчүүд болон хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон ажил хийсэн. Охид маш их идэвх, зүтгэлтэй оролцдог.

Хүмүүнлэгийн ажил гэхээр оролцогчдоос мөнгө хураагаад ядарсан нэгэнд буян болж байна гэж бэлэнчлэх сэтгэлгээг бий болгох ёсгүй юм. Харин боловсрол, соёл, эрүүл мэнд, төлөвшилд анхаарал хандуулсан арга хэмжээ зохион байгуулахыг илүүд үзсэн. Тэр ч утгаараа донор болж цусаа өгөх, эхчүүд, эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас эхлээд багагүй зүйл хийжээ.

-Та өөрөө энэ уралдаанд оролцож явсан хүн. Таныг оролцож байхад тухайн үеийн өрсөлдөгч нарын зан чанар, биеэ авч явах байдал ямар байв. Одоо шилдгээр шалгарсан болон бүртгүүлсэн оролцогчдын зан чанар ямар байна вэ. 17 жилийн өмнөх, одоогийнх хоёрт хэр их ялгаа гарч байгаа бол?

-Одоогоос 17 жилийн өмнө оролцож байлаа. Бүтэн нэг үе өнгөрсөн гэсэн үг. Маш их ялгаатай. Боловсрол, мэдлэг, хувийн соёлын хувьд өнөөгийн охид маш их дээшилсэн байна. ёс суртахуун, зан ааш, хүмүүнлэгийг нь одоо шууд дүгнээд хэлэхэд арай эрт. Шууд хэлчхэж болохгүй. Цаг хугацаа л харуулна. Миний дүгнэлтээр бол боловсрол, биеэ авч яваа байдлын хувьд бол дээшилжээ. Нийгмийг тэр чигт нь аваад үзвэл өнөөдөр миний бодлоор ёс суртахууны доройтолд орсон.

-Ёс суртахууны доройтолд орж байгаа нэг шалтгаан нь сошиал. Танай уралдаанд оролцогчид фэйсбүүк, твиттер орчинд хэр идэвхтэй байна вэ. Зохион байгуулагчдын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авдаг уу?

-Хүний эрх учраас хориглож чадахгүй. Гэхдээ фэйсбүүк, твиттер ашиглахдаа, аливаа мэдээлэл тавихдаа ёс зүйтэй байгаарай гэж захидаг. “Монголын сайхан бүсгүй” бол охидуудын үлгэр дууриал, элч нь байдаг. Тиймээс элч нь өөрөө боловсролтой, ёс зүйтэй байх ёстой. Өөрөө нинжин, энэрэнгүй сэтгэлтэй байж чадвал бусдад зөв үлгэр дууриал болно.

-Аливаа уралдааны шүүлт байнга маргаан дагуулдаг. Ялангуяа мисс, загварын наадмын дараа янз бүрийн яриа их гардаг. Танай уралдааны дараа ч гарах болов уу. Шүүлт хэр шударга байх бол?

-Би бол шүүлтэд 100 хувь найдаж болно гэж хэлмээр байна. Шүүгчид хэн нэгний талд орохгүй, оролцогчдын хэн нэгнээс элдэв бэлэг дурсгал авахгүй. Яг л шударгаар шүүнэ. Энэ уралдааны гол мөн чанар нь ёс зүй шүү дээ. Тиймээс шүүгчид, зохион байгуулагчид ч гэсэн ёс зүйтэй байх ёстой. Чадахгүй бол шүүгч хийх хэрэг алга. Бид ч уралдаан зохион байгуулах гэж худлаа том ярих хэрэггүй. Та нарын цагийг гарздахын нэмэр. Шүүлт дээр эргэлзэх хэрэггүй.

-Та 2001 оны “Монголын сайхан бүсгүй” уралдааны Тана эрдэнийн өргөмжлөлтөөр шалгарч байсан. Энэ уралдаанд оролцох болсон шалтгаан нь юу байв?

-Сургуулиа төгсөх жилдээ Д.Эрдэнэтуяа эгчийн байгуулсан “Эра” төвд загвар өмсөгчийн багшаар ажиллах болсон. Эрка эгчийн санал болгосны дагуу тэнд ажиллаад жил орчим болсны дараа буюу 2001 онд Д.Эрдэнэтуяа эгч “Сэлэнгэ “Монголын сайхан бүсгүйн уралдаан” болох гэж байна. Энэ бол агуулгын хувьд нэр хүндтэй, үнэ цэнэтэй уралдаан. Тиймээс чи өөрийгөө сориод үз. Эмэгтэй хүн залуу байгаа дээрээ өөрийгөө сорьж үзэхэд гэмгүй” гэсэн. Тэр дагуу нь би аав, ээжээсээ асуусан.

Гэтэл ээж дэмжсэн, аав дургүй байсан. Ингээд ээж маань аавыг ятгаж байгаад би энэхүү сайхан наадамд оролцож есөн эрдэнийн өргөмжлөлт болж байснаа ерөөсөө мартдаггүй юм. Миний амьдралд маш их өөрчлөлт, шинэчлэлт авчирсан уралдаан учраас 2004 оноос хойш гурван удаа “Монголын сайхан бүсгүй” тэмцээний зохион байгуулалтад оролцсон.

-“Монголын сайхан бүсгүй”-гээс өөр миссийн уралдаан хэр олон байв. Загвар өмсөгч хүний хувьд болж буй бүхий л уралдаанд оролцсон биз?

-1997 онд О.Оюунтуяа багшийн удирдлагад загвар өмсөгчийн дамжаанд суралцсан юм. Тэр цагаас хойш “Гоёл 2006” наадамд оролцож шилдэг загвар өмсөгч болж байлаа. Мөн “Оюутан мисс”-т оролцсон. Ер нь бол 2008 онд загварын тайзаа орхисон доо.

-11 жилийн дахин сэргэж буй “Монголын сайхан бүсгүй” уралдаанаас иргэд юуг илүү олж хараасай гэж та хүсэж байна вэ?

-Оролцогчид маань цаашдаа “Монголын сайхан бүсгүй" гэдэг нэр хүндийг өндөрт өргөж яваарай гэж хүсмээр байна. Энэ бол соёл, хүмүүнлэгийн маш том утга, агуулгатай уралдаан юм шүү. Тиймээс бүгд зөв ойлголттой, ёс суртахуунтай яваарай гэж хэлье дээ.

Зураг