Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ЗДТГ, “Эх орон бүтээн байгуулалтын танхим” ТББ хамтран "Хүүхдэд хайртай Монгол" хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.

"Уулзсан байгууллагууд маань хүчирхийлүүлсэн хүүхдийн эрхийг  ярихаас өмнө, хүчирхийлсэн гэмт хэрэгтний эрхийг яриад байсан нь харамсалтай" 

"Хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр “Хар, цагаан жагсаалт” төслийг хэрэгжүүлэе"

Хэлэлцүүлгийн зохион байгуулагч, сэтгүүлч С.Хүрлээ “Эцэг эхчүүд багш нарт хүүхдээ даатгаад орхидог. Төр дангаараа ажиллаад нэмэргүй нийт нийгмээрээ тэмцэх шаардлага байгаа байна. Энэ нийлж ажиллах уялдаа холбоогоо яриад байдаг хэр нь  уялдаа холбоогоо сайжруулахад юуг анхаарахаа  ярьдаггүй. Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг манай улсад аюултай түвшинд хүрээд байгаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Бид  хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр  “Хар, цагаан жагсаалт” төслийг хэрэгжүүлэхээр хэд хэдэн байгууллагад хандсан ч бүтэмж муутай байна.  Хүүхдийн төлөө сайн үйлс бүтээсэн иргэнийг цагаан жагсаалтаар алдаршуулж, ийм хэлбэрээр олон нийтийн идэвхийг сайжруулъя.

Харин хар жагсаалтад хүүхэд хүчирхийлсэн, хүүхдийн эрхэнд халдсан гэмт хэрэгтнүүдийг бүртгэж, сургууль цэцэрлэг, хүүхдийн байгууллагууд боловсон хүчний сонголт хийхдээ хар жагсаалт руу орж сонголтоо хийх зорилгоор төслөө боловсруулсан. Гэтэл уулзсан байгууллагууд маань хүчирхийлүүлсэн хүүхдийн эрхийг  ярихаас өмнө, хүчирхийлсэн гэмт хэрэгтний эрхийг яриад байсан нь харамсалтай. 

Хүүхдийн хэл цоолж гэмтээсэн, хүүхэд зодсон багш нар гэхэд л хэдэн төгрөгөөр торгуулах, эсвэл ажлаас халагдаад л өнгөрдөг. Тэгвэл тэд дахиад өөр нэг цэцэрлэгт очоод мөн л хүүхдийн эрхэнд халдаад байж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бидний саналыг сонсож, төслийн ач холбогдолтой танилцаач ээ хэмээн холбогдох хүмүүст уриалмаар байна” гэв.

"Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 70 хувиар өссөн"

Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, Хошууч А.Батсүх “Нийслэлийн цагдаагийн газраас сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн гэмт хэрэг зөрчил болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд “Хүүхдэд Ээлтэй Монгол” хэлэлцүүлэгт оролцлоо.

Тоо баримт дурдвал насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоо он гарсаар эхний таван сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад 17 хувиар, гэмт хэрэгт холбогдсон тохиолдол 37 хувиар буурсан гэсэн сайн мэдээ байна. 

Харамсалтай нь гэмт хэргийн улмаас хохирсон насанд хүрээгүй хүүхдийн тоо 70 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс сэргийлэх , таслан зогсоох урьдчилан сэргийлэх ажил үр дүнгээ өгч байгаа боловч нөгөө талд хүүхдийн анхдагч орчин болсон гэр бүл, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхэддээ тавьж байгаа анхаарал халамж дутсаны улмаас хүүхдүүд гэмт хэрэгт өртөж, хохирогч болох тоо нь өссөн байна.

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт 1,060 хүүхэд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн. Үүнээс тухайн өдөртөө 384 нь олдсон. Тодорхой хугацааны дараа 676 нь олдсон.

Тиймд эцэг эх асран хамгаалагч харгалзан дэмжигч нар хүүхдэдээ зориулах цагаа нэмэгдүүлж, анхаарал тавих хэрэгтэй байна” хэмээн ярилаа.

"Гэр бүлийн хамгийн гол үнэ цэнэ  бол хүүхэд"

Хуульч В.Удвал  “Өнөөдөр Монгол Улс хүүхдийг хайрлах, хүүхдэдээ эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх шаардлага тулгараад байна.

Гэр бүлийн хамгийн гол үнэ цэнэ  бол хүүхэд юм. Тэгвэл тэр үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн гол зарчим бий. Энэ зарчим дээрээ тулгуурлаад хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, хүмүүжүүлэх үүргээ ухамсарлах ёстой. Үүнд төр дэмжлэг үзүүлж хуулиар энэ зохицуулах шаардлагатай.  Мөн эцэг, эхэд нь ажил олгогч ч гэсэн хүүхдийн төлөө анхаарал халамж тавих хэрэгтэй байна. Ингэж байж бид хүүхдэд хайртай Монголыг бий болгоно” гэв. 

Уг хэлэлцүүлэгт нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, хороодын нийгмийн ажилтнууд, цагдаагийн ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл оролцож байгаа юм.

Монгол Улсад 0-14 насны  967,896 хүүхэд байдаг. Өнгөрсөн жил 1,692 гэмт хэргийн 1,757-д нь хүүхэд өртөж, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алджээ. Харин бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсон бол үүнээс 12 нь эрэгтэй хүүхэд байсан аж.
 
Гэрэл зургийг mpa.mn

Хэлэлцүүлгээр талуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр дараах зөвлөмжийг гаргаж байна.

  1. Далд байгаа хүүхдийн мөлжлөг дарамтыг илрүүлэх, бүртгэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах шаардлага байна.
  2. Гэмт халдлага, гэмт хэргээс хүүхдийг аварсан, тусалсан болон энэ төрлийн мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах журмыг бий болгох
  3. Хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх, хүчирхийлэл гарч буй нөхцөл, учир шалтгааныг шийдвэрлэх, хохирогч болсон хүүхдэд халамж үйлчилгээ үзүүлэх, хамгаалах зэрэг үйл ажиллагааг нэгдсэн системд оруулах 
  4. Дүүрэг хороо бүр хөршийн болон гудамжны хяналтыг сайжруулж, сайн дурын эргүүл багийн байнгын ажиллагааг хангах, урамшууллын асуудлыг шийдвэрлэх
  5. Дүүргүүд цагдаагийн байгууллага болон, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран камергүй гудамж байршлын судалгааг гаргаж камержуулах, камер ашиглалтыг жигдрүүлэх
  6. Аж ахуйн нэгж байгууллагад гэрэлтүүлэг камертай байх шаардлага тавьж хэрэгжүүлэх, сайн дурын эргүүл хамтын ажиллагаа, идэвх оролцоог дүгнэх, үр дүнг тооцох
  7. Дүүргүүд Их Дээд сургуулиудтай хамтран Оюутан-цагдаа эргүүл хяналтын багийг ажиллуулах, урамшууллыг шийдвэрлэх
  8. Ерөнхий боловсролын сургуулиуд багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд хүүхдүүдээ гараас гарт гэсэн зарчмаар хүлээлцэж, өдөр тутам байнгын уялдаа холбоотой ажиллах
  9. Сургууль цэцэрлэгүүд 7 хоног бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол сануулга, сэрэмжлүүлэг өгч байх
  10. ЕБС-иуд, цэцэрлэгүүд далд хэлбэртэй оршиж байгаа хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд анхаарч, хүүхдүүд, эцэг, эхтэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах
  11. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд түлхүү анхаарах, төсвийг оновчтой зарцуулах
  12. Цагдаагийн байгууллага, хэлтсүүд ажиллагаагүй камерын судалгаа, засвар үйлчилгээ болон камер ашиглалтыг байнга хянаж шуурхай арга хэмжээ авдаг байх
  13. Цагдаагийн албан хаагчдад гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлсэн иргэний мэдээллийг нууцлах
  14. Эцэг эх байх үүргээ биелүүлээгүй иргэнд хүлээлгэх хариуцлагыг чангатгах
  15. Боловсролын байгууллагуудад /гэрлэн дохио, замын тэмдэглэгээ гэх мэт/ хүүхэд хамгааллын стандартыг бий болгох, хэвшүүлэх.