Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нигерийн багийн ДАШТ-ий өмсгөл наймаачдыг саятан болгож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2018 оны ДАШТ-ий нэг дуулиан нь Африкийн Нигерийн шигшээ багийн гоёмсог өмсгөл (жерси) болж байна.

Анх хоёрдугаар сард танилцуулагдаж байсан уг өмсгөл өнөөдөр хамгийн эрэлттэй бараа болоод байгаа юм. Нигерийн Хөлбөмбөгийн Холбооны мэдээлснээр өмсгөлийн урьдчилсан захиалга 3 сая давж, Nike компанийн онлайн худалдаанаас хэдхэн цагийн дотор алга болж, дэлгүүрүүдийнх нь гадаа урт дараалал үүсгэжээ.

Дамчид оригиналь өмсгөлийг анхны үнээс нь хоёр дахин өндөр үнээр зарж байна.

Эрэлтийг дагаад хуурамч өмсгөл үйлдвэрлэгчид Ази, Европ, Нигерийн зах зээлээс сая саяыг олох болжээ.

Тайландын нэгэн үйлдвэр, Хятадын Гуанжоугийн үйлдвэр хоёр хуурамч өмсгөлийн зах зээлийг голлон хангаж байгаа гэнэ. Тухайлбал Гуанжоугийн үйлдвэр зөвхөн Нигерид 30,000 өмсгөл гаргасан нь $830,000-ын дүнтэй наймаа болсон байна. Үүнээс гадна тэд Нигериэс гадна бусад зах зээлд 20,000-ыг гаргажээ.

Үйлдвэрээсээ $8 орчим үнээр гардаг өмсгөлийг Нигерийн наймаачид $19 орчмоор зардаг байна. Nike-ийн оригиналь өмсгөл $90 үнэтэй байдаг.

Харин Nike-ийн нөөц хомсдох үед наймаачид үнээ $41 хүртэл нэмдэг байна.

Тэд зөвхөн дотоод зах зээлдээ борлуулаад зогсохгүй Испани, Дани, АНЭУ, Өмнөд Африк, Энэтхэг, Египетээс захиалга авч эхэлснээ мэдээлжээ.

Нигери улс нь 180 сая гаруй хүн амтай, Африкийн хамгийн том зах зээлд тооцогддог юм.

Тус улсын шигшээ баг өчигдөр орой ДАШТ-ий D хэсэгт Исландын багийг 2:0 харьцаагаар ялж, хэсэгтээ дэд байранд явж байна. Тэд удахгүй Аргентины шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийж, дараагийн шатанд шалгарах эсэхээ шийднэ.

 

Эх сурвалж: Quartz