Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп автомашины импортын татвараар Европыг сүрдүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны ган, хөнгөнцагааны импортод АНУ-ын засаг захиргаа өндөр татвар оноох болсны хариуд Европчууд $3.2 тэрбумын дүнтэй Америк бараанд хариу татвар оноохоор шийдсэн юм.

Уг хариу арга хэмжээ өчигдрөөс хэрэгжиж эхэлжээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр твиттер хуудсандаа Европчуудыг энэ арга хэмжээгээ цуцлахгүй бол автомашины импортын татвар нэмж ноогдуулна гэж сүрдүүллээ.

“Хэрвээ энэ татвараа цуцлахгүй бол бид тэдний үйлдвэрлэсэн автомашиныг АНУ-д оруулахад 20 хувийн татвар нэмнэ!” гэж тэр бичжээ.

АНУ одоо Европын Холбооноос импортлох суудлын автомашинд 2.5, ачааны  болон пикап машинд 25 хувийн татвар ноогдуулдаг юм. Харин Америк машинаас Европчууд 10 хувийн импортын татвар авдаг.

Трампын мэдэгдлийн дараа Европын автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ бага зэрэг буурч, АНУ-ын Форд, Женерал Моторс зэрэг компаниудын хувьцааны үнэ өссөн байна.

Дональд Трампын засаг захиргаа одоогоор Хятад, Европын Холбоо, Канад, Мексик улсуудтай худалдааны дайны ирмэгт хүрээд байгаа юм.

Өнгөрсөн онд Германд үйлдвэрлэсэн автомашины АНУ-д хийсэн экспорт 10 хувь буурч, 494,000 ширхэгт хүрсэн бол АНУ дэх үйлдвэрүүдэд угсарсан автомашины нийлүүлэлт нь 804,000 болсон байна.

Өөрөөр хэлбэл Германчууд АНУ дахь үйлдвэрээсээ дийлэнх автомашиныг зах зээлд нийлүүлдэг болоод байгаа юм. 2017 онд Mercedes Benz, BMW автомашины нийт борлуулалтын орлогын 15 хувь, VW-ий 5 хувь, Audi-ийн 12 хувийг АНУ-ын зах зээлээс олсон байна.

Тиймээс Трампын сүрдүүлэг Европын автомашин үйлдвэрлэгчдэд бага нөлөө үзүүлэх магадлалтай байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters