Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Олон жилийн дараа Германыг Солонгосын дайнд оролцогч улс гэж хүлээн зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Солонгосын дайны үед эмнэлгийн тусламж үзүүлж байсныг нь хүлээн зөвшөөрснөөр энэхүү дайнд оролцогч улсуудын тоо нэгээр нэмэгдэж байгааг өнөөдөр буюу Баасан гарагт Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

Герман улс 1950-1953 онд болсон дайны үеэр Өмнөд Солонгост эмнэлгийн тусламж үзүүлсэн зургаа дахь орон болж бүртгэгдсэнийг батлан хамгаалах яам нь мэдээлсэн байна. 1954 оны тавдугаар сард Германы талын тусламжтайгаар Бусан хотод эмнэлэг байгуулж байжээ.

Солонгосын хойгт дайн дэгдэхэд НҮБ-ын гишүүн 21 орон Өмнөд Солонгосын талд байсан бол Хойд Солонгосыг Хятад, ЗХУ хоёр дэмжиж байв. 

Эдгээр орнуудын 16 нь цэргээ илгээж, байлдааны ажиллагаанд оролцжээ. Харин Норвеги, Дани, Швед, Энэтхэг дөрвөн улс эмч нарын багаа илгээж, Итали улс эмнэлэг байгуулж өгч байжээ. 

1953 оны тавдугаар сард буюу гал зогсоохоос хоёр сарын өмнө Герман улс НҮБ-д хандаж, эмнэлэг байгуулж өгөх хүсэлтээ гаргасан бол дараа жил нь эмнэлгийн 80 ажилтныг илгээж байсан гэнэ.

Гэвч эмнэлгийн тусламж нь 1953 оны долдугаар сарын 27-нд байгуулагдсан гал зогсоох гэрээний дараа хэрэгжсэн учраас өнөөдрийг хүртэл Солонгосын дайнд оролцогч оронд тооцогддоггүй байжээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Германд айлчлахдаа эмнэлгийн тусламжийн ажиллагаанд оролцож байсан хүмүүстэй уулзаж, үүний дараа Германыг нэмж оруулах талаар ярилцаж эхэлсэн гэнэ.

Улмаар Батлан хамгаалах яам нь 1954 оноос хойш 5 жил үргэлжилсэн Германы тусламжийн ажиллагааны түүхэн баримтуудыг шалгаж, өнгөрсөн сард Сөүл хотноо энэ талаар семинар зохион байгуулан эрдэмтэд, судлаачдын саналыг авсан байна.

Одоо тус яам 2018 оны Батлан Хамгаалахын Цагаан номондоо албан ёсоор Германыг нэмж, бусад бичиг баримтуудыг өөрчлөн засахаар болжээ.

 

Эх сурвалж: Yonhap News