Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Германы канцлерь руу хоёр ширхэг чихэр чулууджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Канадад болж өнгөрсөн Их Долоон гүрний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Германы канцлерь Ангела Меркелийг чиглүүлэн хоёр ширхэг “Starburst” чихэр шидсэн тухай эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Улс төрийн эрсдлийн үнэлгээ, зөвлөгөө өгдөг Eurasia Group байгууллагын ерөнхийлөгч Ян Бреммер болсон явдлын тухай хэвлэлд ярьсан байна. Уулзалтын төгсгөлд бусад удирдагчид хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуруулахаар Трампыг ятгаж байжээ.

Эхэндээ Трамп гарын үсэг зурахыг зөвшөөрч байсан гэнэ. “Трамп бусад удирдагчид өөрийг нь шахаж байгаад илт дургүй царайтай, гараа урдаа зөрүүлж эвхээд сууж байсан. Гэхдээ эцэст нь тэр зөвшөөрсөн юм” гэж Бреммер CBS сувгийн “This Morning” хөтөлбөрт оролцохдоо ярьжээ.

Харин дараа нь тэр суудлаасаа босож ирэн халааснаасаа хоёр ширхэг “Starburst” чихэр гарган ширээ рүү шидээд “Май Ангела! Чамд намайг юу ч өгч байгаагүй гэж дараа нь битгий хэлээрэй” хэмээн чанга хэлсэн гэнэ.

 

Ингээд Трамп хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзаж, Их Долоогийн уулзалтыг дундаас нь орхин Сингапур руу ниссэн юм.

Тэр бас твиттер хуудсандаа уулзалтыг зохион байгуулагч Канадын ерөнхий сайд Жастин Трюдо руу хандсан таагүй үгсийг бичиж байв.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп, Германы канцлерь Меркель нарын харилцаа бүр анхнаасаа сайн байгаагүй. Парисын цаг уурын гэрээ, Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ-ыг гарахад Меркель Трампыг шүүмжилж байсан.

Дараа нь Европын Холбооны эсрэг АНУ импортын татвар онооход тэд бас зөрчилдсөн юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Меркель Вашингтонд айлчлахдаа ердөө гурван цаг гаруй саатсан нь үүнээс долоо хоногийн өмнө Францын ерөнхийлөгчийн хийсэн айлчлалтай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байв.

Ян Бреммер “Меркель тэр хоёрын хувийн харилцаанд гүнзгий цав гарсан нь тодорхой” гэж болсон явдлын тухай ярихдаа хэлжээ.

 

Эх сурвалж: Independent