Эртний Хятадын язгууртны бунхнаас шинжлэх ухаанд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй, цоо шинэ төрөл зүйлийн мичний яс олджээ.
Гиббон төрлийн мичний эрт цагт устаж алга болсон ховор зүйлийг эртний нийслэл Чанань хот дахь 2,200 жилийн настай бунхнаас олсон нь энэ юм.
Тухайн үеийн Хятадад гиббон мич нь язгууртны амьтанд тооцогдож, ордон харшид тэжээгддэг байжээ. Эртний бунхнаас мөн ирвэс, шилүүс, баавгай, тогоруу болон бусад гэрийн тэжээвэр амьтдын үлдэгдэл илэрсэн байна.
Уг бунхныг Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуандигийн эмэг эх Шягийнх гэж үзэж байгаа юм.
Илэрсэн гиббон нь өнөөдрийн Хятадад байдаггүй амьтан. Харин түүхийн бичиг дурсгалуудад олонтоо дурдагдсан байдаг гэнэ.
Нээлтийг хийсэн Лондоны Зоологийн Нийгэмлэгийн биологич, доктор Самуэл Тюрвэй анх 2004 онд уг бунхныг илрүүлсэн юм. Гэвч олдсон ясанд ДНХ шинжилгээ хийхийг Хятадын эрх баригчид зөвшөөрдөггүй байснаас нээлт өнөөдрийг хүртэл хойшилж байжээ.
Бунхнаас олдсон гиббоны гавал, эрүүний яс нь эрдэмтдийн мэдэж байгаа устаж үгүй болсон 20 төрөл зүйлээс эрс өөр, цоо шинэ амьтанд тооцогдож байна.
Эрдэмтэд энэхүү шинэ төрлийн гиббонд Junzi гэсэн түүхэн цаг үетэй нь холбоотой нэрийг өгчээ. Шинэ гиббон нь эрт цагт Хятадын төв хэсэгт амьдарч байгаад хүн амын өсөлт, газар тариалангийн түрэлт нэмэгдэж, ой шугуйг устгах болсноос үүдэн алга болсон гэж таамаглаж байна.
Үүнээс гадна тухайн бүс нутагт цаг уур сэрүүн, хуурай болсон нь нөлөөлсөн гэнэ. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж байгаа.
Саяхан хоёр төрлийн гиббон мич Хятадад бүр мөсөн устсанд тооцогдож байна. Ер нь дэлхий даяар шимпанзе, горилла, орангутанг зэрэг нийт хүн дүрст мичнүүдийн 60 хувь нь устах аюулын ирмэг дээр байгаа.
Тухайлбал Хайнань арлын гиббон гэгддэг ховор төрлийн мич өнөөдөр ердөө 26 ширхэг үлдээд байгаа юм.
Эх сурвалж: Independent