Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв банкны үнэт цаасны хэмжээг хүчээр буулгах оролдлого нь ЭЗ-т ханшийн болон инфляцын дарамт үүсгэнэ"

ikon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Төв банкны үнэт цаасны талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяртай ярилцлаа.

- Төв банкны үнэт цаасны хэмжээ сүүлийн үед огцом өсч байна гэсэн яриа байна. Энэ нь ямар учиртай вэ? 

- Төв банкны үнэт цаасны өсөлтийг ярихын өмнө юун түрүүнд төв банкны үнэт цаас гэж юу вэ? Төв банк яагаад үнэт цаас гаргадаг вэ? гэсэн асуултад хариулах нь зүйтэй байх.

Төв банкны үнэт цаас бол мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл юм. Манайх шиг хөгжиж буй орнуудын банкны сектор нь ихэвчлэн нөөцийн илүүдэлтэй байдаг тул төв банк нь үнэт цаас гарган арилжаалж, энэхүү илүүдэл нөөцийг удирдах замаар богино хугацаатай хүүнд нөлөөлөхийг зорьдог. 

Илүүдэл нөөцийг төв банкны үнэт цаасаар татаагүй тохиолдолд товчхондоо хоёр сөрөг үр дагавар гарна. Үүнд, банкууд сул чөлөөтэй эх үүсвэрээрээ гадаад валют худалдан авч, ханшийн дарамтыг нэмэгдүүлнэ, мөн зээлийн хэт өсөлт эдийн засагт савалгаа, инфляцын дарамтыг бий болгоно.    

Сүүлийн үед төв банкны үнэт цаасны хэмжээ огцом өсч байгаа асуудал нь хэд хэдэн шалтгаантай.

Нэгт, манай улсад орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэж, үүгээр төв банк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид гадаад валютын нөөц шавхагдах эрсдэл нь эдийн засагт ямар хор хохиролтой болохыг тодорхой харсан. Тиймээс ч Монголбанк валютын нөөц  хуримтлуулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа нь эргээд төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй.

Хоёрт, Засгийн газар дотоодод гаргасан үнэт цаасаа эргүүлэн төлж, энэ хэмжээгээр банкны секторын төгрөгийн нөөц нэмэгдэж байгаа. Төгрөгийн нөөцийг зохистой түвшинд барих үйл ажиллагаа явуулаагүй мөн гадаад валютын нөөц нэмэгдэхгүй бол дээр дурдсанчлан эдийн засагт ханшийн болон инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээр байсан. 

- Одоогийн байдлаар банкуудын худалдан авсан үнэт цаасны хэмжээ хэд байна вэ?

- Өнөөдрийн байдлаар төв банкны үнэт цаасны үлдэгдэл 5.1 их наяд төгрөг байна. Олон улсын валютын сантай байгуулсан хэлэлцээрийн дагуу төв банк макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг макро тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн өсөлтийг зохистой түвшинд хадгалж, зээл санхүүгийн зуучлалыг нэмэгдүүлэх  бодлогыг хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, төв банкны үнэт цаас болон бодлогын хүү нь дээрх бодлогыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл юм. 

- Монголбанкны хувьд төв банкны үнэт цаас нь мөнгөний бодлогын хэрэгсэл юм байна. Тэгвэл банкны хувьд төв банкны үнэт цаас худалдан авах ямар шалтгаан байдаг вэ?

- Банкны хувьд төв банкны үнэт цаас худалдан авах хоёр гол шалтгаан бий.

Нэгт, Монголбанкнаас банкны харилцагчдыг хамгаалах, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гаргах чадварыг хангуулахын тулд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг ханган ажиллахыг шаарддаг. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг хангахад банкинд бэлэн мөнгө, төв банкны үнэт цаас, засгийн газрын үнэт цаас зэрэг хөрвөх чадвар сайтай активууд шаардлагатай. Засгийн газрын үнэт цаасны хэмжээ буурсан одоогийн нөхцөлд банкууд төв банкны үнэт цаас авахаас өөр сонголт байхгүй байна. 

Хэрвээ банк төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг зөвхөн бэлэн мөнгөөр хангавал зардал өндөртэй тул энэхүү зардлыг зээлийн хүүнд шингээдэг. Төв банкны үнэт цаас нь өгөөж өгдөг актив тул төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаанаас шалтгаалан зээл, хадгаламжийн хүүний зөрүүг бууруулах нөлөөтэй. 

Хоёрт, төв банкны үнэт цаас нь хөрвөх чадвар сайтай актив тул хоёрдагч зах дээр арилжаалах бүрэн боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, төв банкны үнэт цаас нь хөрвөх чадвар өндөртэй, эрсдэлгүй актив учир банк богино хугацаанд худалдан борлуулах замаар бусад банкнаас богино хугацаатай эх үүсвэр босгох боломжтой байдаг. Хүүний өндөр өгөөж өгдөг активын үүрэг гүйцэтгэхээс нөгөө талаас хэлцэл хийгдэх гол хэрэгсэл болдог.   

2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар банкны системийн бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн нийт хэмжээ 25 орчим их наяд төгрөг байна. Үүнээс банкууд хамгийн багадаа 25 хувь буюу 6.25 орчим их наяд төгрөгийг түргэн хөрвөх активт байршуулах шаардлагатай. Хөрвөх чадвартай активын сонголт хязгаарлагдмал байгаа энэ үед банкууд төв банкны үнэт цаасаар энэхүү хэрэгцээг хангаж байна. 

Төв банкны үнэт цаас бол олон улсад ч тэр түргэн хөрвөх активт тооцогддог тул банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг хангах зорилгоор их хэмжээний төв банкны үнэт цаас худалдан авдаг туршлага бий.

Санхүүгийн зах зээл нь өндөр хөгжсөн орнуудад ипотекийн зээлээр баталгаажсан бонд, АА- болон түүнээс дээш үнэлгээ авсан компанийн үнэт цаас зэрэг нь түргэн хөрвөх активын үүрэг гүйцэтгэдэг тохиолдлууд байдаг. Харамсалтай нь манай орны хувьд хөрвөх чадвар сайтай активын үүргийг зөвхөн төв банк болон засгийн газрын үнэт цаас гүйцэтгэж байна. Бусад хэрэгслүүд санхүүгийн зах зээл дээр хангалтгүй байгаа учраас төв банкны үнэт цааснд энэ ачаалал ноогдож байна. 

- Төв банкны үнэт цаасны хэмжээ 5 их наяд хүрч байгаа нь санаа зовоох асуудал мөн үү?

- Ерөнхийдөө эдийн засагт хүндрэл үүссэний дараа банкуудын болгоомжлол нэмэгдэж, илүү хөрвөх чадвар сайтай активт хөрөнгөө байршуулах хандлагатай болдог. Хэмжээний хувьд таван их наяд гэдэг их тоо. Гэхдээ энэ тоог банкны активтай харьцуулахад тийм ч их тоо биш юм. Банкны нийт актив 2010 оноос хойш 6.7 дахин нэмэгдсэн байна. Тухайн үед 500 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдаж байсан нь нийт активын 12 хувьтай тэнцэж байсан.

Харин өнөөдрийн байдлаар энэ тоо 14 хувьтай байна. Тэгэхээр энэ бол тийм өндөр тоо биш. Гэтэл 2011 онд төв банкны үнэт цаасны хэмжээ банкны системийн нийт активын 20 хувьд хүрч байсан. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, банкны системийн илүүдэл нөөц буураад ирэхээр төв банкны үнэт цаасны хэмжээ дагаж буурна. Харин төв банкны үнэт цаасны хэмжээг хүчээр буулгах оролдлого нь эдийн засагт ханшийн болон инфляцын дарамтыг үүсгэхийг энд дахин дурдах нь зүйтэй. 

 

Эх сурвалж: Монголбанкны Олон Нийтийн Боловсрол, Мэдээллийн Төв