Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нээлттэй болгоно

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 6 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг өчигдөр чуулганы хуралдаанаар эцэслэв. Хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн талаар газрын харилцааны бодлого нэгдмэл байх тухай гишүүд асууж байсан. Хуульд хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Газрын харилцааны бодлогыг нэгдсэн бодлого, арга зүйгээр удирдах ёстой гэсэн зарчмын байр суурийг дэмжиж байгаа. Манай улс 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэдэг харилцааг зохицуулсан. 2002 онд Газар өмчлөлийн тухай хуулийг баталсан. 1996 онд орон сууцаа өмчлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нэг сая орчим орон сууц, мөн ийм тооны газар өмчлөх, ашиглах эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Эдгээр бүртгэл тус тусдаа, өөр сайд, яамдын эрхлэх асуудлын хүрээнд зохицуулагдсан байна. Манай улс нүүдэлчин соёлын уламжлал, иргэншил, түүхтэй. Тэр утгаараа газар дээр гэрээ бариад, дуртай үедээ буулгаад нүүгээд явчихдаг. Газар ба газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн харилцааны уламжлалт суурь ойлголт багатай байсан. Энэ хүрээндээ ч гэсэн газар ба орон сууцаа тус тусад нь бүртгэж явжээ. Одоо бол боломжгүй болсон.

-Тодруулахгүй юу?

-Өнөөдөр нийтийн орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц худалдаж авч байгаа иргэн өөрт ногдох хуваарьт газраа эзэмшихгүй байгаа. Тухайн орон сууц нь газар хөдлөлтөд өртвөл яах вэ, гал түймэрт өртвөл яах вэ, хуучирч элэгдэж муудвал яах вэ. Бүх амьдралынхаа турш зээл аваад ирээдүйн амьдралаа барьцаалаад орон сууцтай болж байна.

Тэр хөрөнгийг баталгаажуулж, бүртгэж хамгаалах эрх зүйн орчинг бий болгох шаардлага үнэхээр байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагалдаж байгаа тогтоолын төсөл дээр Иргэний хуульд нийцүүлээд газрын харилцааны тухай хуулийг оруулж ир гэдэг үүрэг Засгийн газарт өгөгдөж байгааг талархан хүлээж авч байна.

Яагаад гэхээр гишүүдийн хэлсэнчлэн тусгай хамгаалалттай газар нь Байгаль орчны яам, бэлчээрийн газар нь Хөдөө аж ахуйн яам, уул уурхайн лиценз нь Уул уурхайн яам, эрхийн бүртгэл нь Хууль зүйн яаманд салангид байдлаар бүртгэл мэдээлэлтэй явдаг. Үүнээс улбаалсан зөрчил, давхцал, мэдээллийн зөрүү нь иргэдийг ихээр эрсдэлд оруулж байна. Үүний цаана авлига нуугддаг. Үүнийг хууль эрх зүйн орчноороо цэгцэлж зохион байгуулалтад оруулна. УИХ-ын тогтоолын төсөлд энэ асуудлыг намрын чуулганд оруулж ир гэсэн үүрэг өгөгдөж байгаа. Энэ чиглэлээр Засгийн газрын холбогдох яамдууд эрчимтэй ажиллаж, УИХ-аас өгсөн даалгаврыг хэрэгжүүлж ажиллана гэж бодож байна.

-Хууль батлагдсанаар бүртгэлийн асуудал дээр ямар ахиц дэвшил гарах вэ?

-Хуулийг дагалдаж бас нэг зарчмын асуудал орж ирж байгаа нь цаашдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэдийг залилан мэхэлдэг гэмт хэрэг байхгүй болно. Энэ хууль батлагдсанаар залилагчид гэмт хэрэг “үйлдэж чадахгүй болно. Яагаад гэвэл, газар ба үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, өмчилж, барьцаалсан байгаа бүх мэдээллийг ил тод болгож байгаа.

Өөрөөр хэлбэл, иргэдийг эрсдэлээс хамгаална. Хэн нэгэн хуурамч үнэн эсэх нь мэдэгдэхгүй нэг гэрчилгээ барьчхаад зарах гээд, барьцаалах гээд байгаа асуудал байвал нээлттэй мэдээллийн санд ороод үнэхээр тэр хүний нэр дээр байна уу, үгүй юу. Барьцаалагдсан байна уу, үгүй юу. Бусад банк, санхүүгийн байгууллагын барьцаанд байна уу, үгүй юу гэдгийг нээлттэй харах боломжтой болж байна. Энэ хэрээрээ иргэдээ бид эрсдэлээс хамгаалах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт гарч байсан луйврууд энэ хуулийн ачаар зогсож, иргэдээ бид хамгаалах боломжтой болж байна.

Зураг