Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Найдалаа: Хуушуурын үнэ 50 төгрөг байна гээд хуульчилчихвал юу болох вэ

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг

Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухайн хуулийн төслийг УИХ хэлэлцэж буй. Энэ асуудал нийгэмд олон эргэлзээг бий болгоод байгаа билээ. Энэхүү хуулийн талаар манай сонин улстөрчид болоод эдийн засагчдын байр суурийг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ удаа эдийн засагч Б.Найдалаатай дээрх асуудлын хүрээнд ярилцлаа.

-Банкуудыг дахин хөрөнгөжүүлэхийн тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 500 гаруй тэрбум төгрөг зарлагадах шаардлагатай юу, үгуй юу гэдэг дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Банкны дахин хөрөнгөжүүлэлт гэж юу вэ?

- Ямар нэг сонирхлын зөрчилгүй, мэргэжлийн хүний үүднээс товч тайлбар хэлье. Эхлээд асуудлаа ойлгох хэрэгтэй л дээ. Зүгээр хоёрхон үгийг өлгөж аваад түүн дээрээ шүүмжлэх, дайрах, дүгнэх, улс төр хийх нь байж болшгүй хэрэг. Шийдвэр гаргах төвшний хүмүүс, мэргэжилтнүүд, гишүүд эхлээд асуудлаа ойлгох ёстой гэж бодож байна. Банкны санхүүгийн чадавхыг хэмждэг гол үзүүлэлтийн нэг нь банкны өөрийн хөрөнгө. Банк олон нийтээс хөрөнгө татаж бусдад зээл олгодог.

Олгосон зээл, актив нь чанаргүйтэж алдагдал үүсвэл банк алдагдлаа өөрийн хөрөнгөөр хариуцаж, олон нийтээс татсан мөнгөө буцаан төлөх чадвартай эсэхийг өөрийн хөрөнгийн хэмжээ илэрхийлдэг. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад AQR-ын үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр манай банкны салбарт 500 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө дутагдалтай байна гэсэн дүгнэлт гарсан. Банкууд бол мэдээж өөрийн хөрөнгө дутагдаагүй гэж үзэж байсан. Ийм учир арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах хугацаатай үүрэг даалгаврыг Монголбанкнаас өгсөн юм билээ.

Банкуудын хувьцаа эзэмшигч, удирдлагууд энэ хугацаанд багтааж шинээр хөрөнгө оруулах, хувьцаагаа бусдад худалдаж хөрөнгө оруулалт татах, муу зээлтэйгээ ажиллах зэргээр арга хэмжээ авах учиртай. Дахин хөрөнгөжүүлэх гэдэг нь энэ ажлаа хангалттай хийж чадахгүй, банк өөрийн хөрөнгийн дутагдалтай байсаар байвал төр оролцож, банкны эздэд өөрийн хөрөнгөөр нь хариуцлага хүлээлгэж, банкны хувьцаанаас авч, банкийг хэвийн үйл ажиллагаанд шахан оруулна гэсэн үг.

Ингэж байж банкны систем хэвийн ажиллаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих учиртай. Үүнийг олон нийт банкуудад төрөөс зүгээр мөнгө өгөх нь гэж буруу ойлгоод байгаа юм.

-Хэрвээ чадахгүй бол яах вэ?

-Хэрвээ заасан хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй бол төрөөс албадлагын арга хэмжээг авах байх. Өөрөөр хэлбэл, банкуудад “дутаад байгаа өөрийн хөрөнгөө та нар ол” гээд хугацаа өгч байгаа юм. Үнэхээр олж чадахгүй бол банкны тодорхой хувийг нь төр авна гэсэн үг. Түүнээс биш банкны эздэд төрөөс мөнгө бэлэглээд байгаа юм биш. Эздэд нь өөрсдийн хөрөнгөөр нь тодорхой хариуцлага үүрүүлээд хувьцааг нь төр хүчээр авна.

Тэр банкийг шууд дампууруулаад үгүй хийхгүй байгаа нь цаана нь олон мянган харилцагч байгаатай холбоотой, мөн нэг банкны асуудал биш системээрээ хямарч, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. Монголбанкныхны төсөөлж байгаагаар төрөөс мөнгө авахгүйгээр, төрд хяналтаа алдахгүйгээр банкууд өөрсдөө хөрөнгөө босгочих байх гэсэн хүлээлттэй байгаа байх.

-Банкууд өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхчих боломж харагдаж байгаа юм бол заавал хууль гаргах хэрэг байгаа юм уу?

-Хууль баталдаг нь дараагийн удаа ямар нэгэн асуудал гарвал зохицуулдаг механизмтай байя гэж үзэж байх шиг байна. Ингэж хууль гаргах нь зөв. Өмнө нь ямар ч зохицуулалт байхгүй үед банк дампуурахаар улсын төсвөөс зүгээр л нөхөж мөнгө олгож байсан түүх байгаа шүү дээ. 1990 оноос хойш хэд хэдэн банкны хямрал болж байсан. Шалтгаан нь яг адилхан. Тэдгээр банкууд зээлийн удирдлагаа хангалтгүй хийснээс болоод чанаргүй зээл үүсэж, алдагдалд орж, эздийн хөрөнгө буюу өөрийн хөрөнгөөр нөхөж чадахаа больсон.

Үүнээс болж банкууд дампуурч байлаа. Тэр үед монголчууд банк гэж юу вэ гэдгийг ухаж мэдэхгүй байсантай холбоотой. Менежмент, бизнесийн тухай, банк, санхүүгийн талаарх мэдлэг нь илт дутаж байсан учраас дампуурч байсан. Сүүлийн үед энэ шалтгаан нь харьцангуй багасаж, менежмент гэхээсээ илүү эдийн засгийн хямралтай холбогдож хүндрэх нь нэмэгдсэн.

Одоо бол Хадгаламжийн даатгалын тухай хуультай, Хадгаламжийн даатгалын корпорацитай болж банкууд урьдчилан сан үүсгэж явдаг болсон учир хямрал болоход улсын төсөв рүү хүрэхгүй шийдвэрлэх тодорхой нөөцтэй, дэд бүтэцтэй болсон. Дахин хөрөнгөжүүлэлтийн хууль баталснаар иймэрхүү дэд бүтэц, зохицуулалтыг бүрдүүлье гэж зорьж байгаа байх.

-Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн тухай хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж байгаа. Байдал өөрөөр эргэж ч болох юм?

-Аливаа асуудалд нам, улс төр гэлгүйгээр мэргэжлийн зүгээс хандмаар байгаа юм. Түүнээс биш нам, улс төрөөрөө ялгараад, асуудлаа огт ойлгоогүй, мэдэхгүй байж юу ч байсан муулдаг, магтдаг, хамгаалдаг байж болохгүй л дээ. Ялгарсан хар, цагаан амьдрал гэж байдаггүй шүү дээ. Хараад байхад Монголд мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой, мэдэгдлээр суурилсан улс төрийн байр суурь байхгүй байна. Энд Монгол Улсын хэрэгцээ шаардлага гэдэг зүйл бий.

Бодлого нь өөрөө мэргэжлийн мэдлэг дээр суурилах ёстой. Тэр нь байхгүй болохоор зөвхөн олонд таалагдах улс төр яваад байгаа нь, тэрийг тодрох боломж гэж хардаг нь харамсалтай. Бүх зүйлийг улстөржүүлээд, мэргэжилтнүүдийн дуу хоолой дутаж байгаа учраас бидэнд бүтэж байгаа зүйл нэг ч байхгүй, хэрэлдэж маргасан улс болчхоод байна.

-Банк зээлээ судлаагүйгээс дампууралд хүрдэг гэж та хэллээ. Эдийн засгийн нөхцөл байдал муудах үед банкууд бизнесийн зээл олгохоо больсон. Хэрэглээний зээл дийлэнх хувийг нь эзэлж байгаа шүү дээ. Гэтэл зээлийн хүү нь өндөр байгаад иргэд бухимдалтай байдаг. Зээлийн хүүг бууруулах талаар шийдвэр гаргах төвшинд ярьдаг ч тодорхой шийдэлд хүрээгүй л байна. Ер нь зээлийн хүүг ямар зарчмаар бууруулах ёстой вэ?

-Зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулна гэдэг бол дэндүү гэнэн, хоосон популист улс төр л гэж хэлнэ. Өөр юу ч биш. Хэрэв ингэж болдог байсан юм бол аль эрт бүр 20 жилийн өмнө ганц хууль батлаад буулгачихгүй яасан юм. Мөн хэрэв зээлийн хүүг хуулиар буулгаж болдог бол бусад барааныхаа үнийг ч хуульчлаад буулгаад байцгаая. Жишээ нь өндөгний үнэ 100 төгрөг байя, хуушуурын үнэ 50 төгрөг байна гээд хуульчилчихвал юу болох вэ, боломжгүй биз дээ.

Зээлийн хүүг буулгая гэвэл УИХ гишүүд өөрсдөө ажлаа сайн хийх, төр засаг нь тогтвортой байх, авлига, хүнд сурталтайгаа тэмцэх, татвар, бизнесийн орчноо сайжруулах шаардлагатай. Энэ ажлаа хийгээгүй байж тоотой нь зууралдаж олныг төөрөлдүүлэх хэрэггүй.

Дахин хэлэхэд, зээлийн хүүг хуулиар бууруулдаггүй. Харин зээлийн хүү бууруулах биш шударга бус хүүлэлтийг хязгаарлах гэвэл тусдаа асуудал. Хүүлэлт, зээлийн хүү хоёрыг ялгаж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зах зээлийн жишгээс илт өндөр, шударга бус хүүг хязгаарлах хуулийн зохицуулалт зарим оронд байдаг. Үүнтэй андуурч болохгүй.

Ер нь ажлын байр, орлогыг бий болгох ёстой бизнесийн саЛбар, хөрөнгө оруулагчид руугаа уулгалан дайрдаг ийм тогтолцоо байвал, үүнийг өдөөдөг, самардаг мэргэжлийн биш улстөрчид дураар тоглосоор байвал Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөх, ажлын байр, бид бүгдийн орлого нэмэгдэх тухай ярих боломжгүй.

Зураг