Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын Бургер Кинг хөлбөмбөгчдөөс хүүхэдтэй болох уралдаан бүсгүйчүүдийн дунд зарласнаа зогсоож, уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Түргэн хоолны Бургер Кинг сүлжээний Орос дахь салбар нэгэн этгээд маркетингийн ажиллагаа эхлүүлээд байсныгаа удалгүй зогсоож, олон нийтээс уучлал гуйжээ.

Тус компани ДАШТ-д оролцож байгаа гадаадын хэн нэг хөлбөмбөгчинтэй учир ургуулж, жирэмсэлж чадсан Орос бүсгүйд $47,000-тай тэнцэх мөнгөн шагнал, мөн насаараа үнэгүй Whopper бургер хүнсэндээ хэрэглэх эрхээр шагнана гэж сурталчилсан юм.

Мягмар гарагт Оросын ВК сошиал сүлжээнд цацагдаж эхэлсэн уг уралдаан удалгүй олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч зогссон байна. Өчигдөр Бургер Кингийн Орос дахь франчайз салбар буруугаа хүлээж, сурталчилгааг сошиал сүлжээнээс бүрэн устгаснаа зарлажээ.

ДАШТ эхлэхийн өмнөхөн ОХУ-ын Думын гишүүн, Хүүхэд, Эмэгтэйчүүд, Гэр бүлийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Тамара Плетнева орос бүсгүйчүүдийг гадаадын зочидтой дотносож, хүүхэдтэй болохгүй байхыг анхааруулж байсан юм.

Тэрээр 1980 оны Москвагийн Зуны олимпийн дараа олон тооны эрлийз хүүхэд Орост мэндэлж, тэдний амьдрал, хувь заяа хэцүү хүнд байсныг сануулж байв. Плетнева энэ тухай ярихдаа “аргагүй тохиолдолд өөртэйгээ ижил арьсны өнгөтэй хүнээс хүүхэдтэй болох”-ыг зөвлөсөн нь арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлах үзлийг дэмжсэн гэгдэж, маргаан дэгдээсэн юм.

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ эхлээд долоо хонож байгаа ба ирэх сарын 15-нд дуусна.

 

Эх сурвалж: CNN