Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Швейцарын Холбооны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

ikon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн зургаадугаар сарын 19-ний өдөр Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч Алэйн Бэрсэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч А.Бэрсэ Элчин сайд Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч А.Бэрсэ үүрэгт ажилдаа орж буйд нь Элчин сайдад баяр хүргээд Швейцар, Монголын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай буйгаа илэрхийлээд цаашид улс төр, эдийн засаг, санхүү зэрэг бүхий салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотлов.

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын хувьд Швейцар нь эртнээс хөгжлийн загвар болж ирснийг тэмдэглэж, хоёр улсын харилцаанд онцлог жил болж байгаа, тухайлбал өнгөрсөн 4 дүгээр сард Швейцарын Гадаад хэргийн сайд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг онцлов. Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөжүүлэх, ялангуяа Швейцарын боловсрол, технологийн бодлогын салбарыг онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн талууд яриа хэлэлцээг өндөр дээд түвшинд үргэлжлүүлж, айлчлалын давтамжийг хадгалах, Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, мөн бүс нутаг, олон улсын түвшинд хамтран ажиллах талаар санал солилцов.

Швейцарийн Холбооны Улс нь сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд төвийг сахих бодлого баримталж аливаа зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй бөгөөд өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлдэг. Монгол Улс Швейцар Улстай 1964 онд дипломат харилцаа тогтоосон.

Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад (I) хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, (II) техник мэргэжлийн сургалт, (III) сайн засаглал гэсэн 3 үндсэн чиглэлээр 2021 он хүртэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байна. Мөн энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг тохиролцсон билээ.

 

Эх сурвалж: ГХЯ