Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүдийн сэтгэцийг шалгуулахыг шаардав

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Оюутолгой" төслийг шалгах Ажлын хэсэг уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаатай холбогдуулан Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ.

Монголын нам бусчуудын холбооны тэргүүн А.Эрдэнэбаяр “Бид Оюутолгойн ордыг  Монголын талд ашигтайгаар, 51-ээс дээш хувийг эзэмшүүлэх, мөн тус ордыг ашиглаж байгаа “Оюутолгой” болон “Рио-Тинто” компани, хөрөнгө оруулсан бусад компани  бүгдээрээ Өмнөговь аймагт дагуул хот байгуулж өгөх ёстой” гээд үүнтэй холбоотойгоор  УИХ-ын дарга М.Энхболдод тулган шаардах бичиг хүргүүлж байгаагаа дуулгалаа. 

Гэрэл зургийг mpa.mn

Үүнд “УИХ-ын дарга та болон таны удирдаж буй 65 гишүүний буруу шийдвэрүүд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцэж, харин иргэдийг хохироож байна. Иймд энэхүү гэм хэргийн шинжтэй ноцтой үйлдлийн хариуцлагыг УИХ-ын дарга, гишүүд та бүхэн хүлээж, эрхэм УИХ-ын дарга М.Энхболд та  өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхийг Монголын ард түмэн тулган шаардаж байна.

Мөн “Оюутолгой”-н үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, гэрээний дүгнэлтийг  хэлэлцэхийн өмнө УИХ-ын 76 гишүүнийг нэн яаралтай нарийн мэргэжлийн эмнэлгийн сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна. Учир нь та бүхний гаргаж буй шийдвэр болгон ард түмэн, улс эх орны эрх ашигт үл нийцсэн бөгөөд цөөн тооны хэсэг бүлэг, намын бүлэглэл, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулагдсан хууль тогтоомж, шийдвэр гаргаж буй тул иргэд сонгогчдын зүгээс та бүхний сэтгэцийг шалгуулах нь зөв хэмээн үзэж, энэ шаардах бичгийг хүргүүлж байна” гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Өнөөдөр “Оюутолгой” компани алт, мөнгө, зэсийг л олборлож байгаа. Харин бусад 21 ховор элементийг улсын хилээр хууль бусаар гаргаж байх магадлалтай. Үүний нэг нь нотлогдсон. 
Улсын хилээр 62 тэрбум төгрөгийн ховор элементийг хууль бусаар гаргасан гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоогоод, торгууль тавьсан. Энэ бол байж боломгүй асуудал.

Мөн хөрөнгө оруулагчийн зүгээс Монголын ард түмэнд 51-ээс дээш хувийг өгөхгүй байх бүхий л талын арга хэрэглэж байна. 20 хувийн татвар төлөхөөс ч зайлсхийж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрийн УИХ-ын чуулган дээр 76 гишүүнд захидал явуулж, 20 хувийн татвар төлдөг байсныг тав болгох, зарим тохиолдолд тэглэх гэх мэтчилэн олон татварыг өөрсөддөө ашигтай хууль гаргуулахаар УИХ-д лобби хийх гэж байсныг Ч.Улаан гишүүн илчилсэн. Өөрөө сайд байхаараа цалин, хүүхдийн мөнгө нэмэх боломжгүй, харин сайдаас буухаараа боломжтой болчихдог. Гаргасан шийдвэр нь суурин дээрээ хэд эргэж байна. Энэ бол сэтгэл мэдрэлийн ямар нэгэн асуудалтай байгаагийн шинж. Шийдвэр гаргах түвшний мэдлэг тэр хүнд байгаа, эсэхэд эмнэлгийн магадлагаа гаргуулах хэрэгтэй” гэв.

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг “Бид үнэхээр Монгол Улсын иргэн юм бол энэ том баялгийн эзэн байх ёстой. Гэвч Оюутолгойн үр шимийг ард түмэн хүртээгүй. Хүртэх байтугай үр хойчид маань юу ч үлдэхгүй нь тодорхой боллоо. 

Зуун жилийн нөөцтэй энэ асар том баялаг өнөөдөр нүдэн дээр үгүй болж байна. Оюутолгой компани гэдэг бол зүгээр халхавч компани. Цаана нь 2015 онд Стандарт банкинд зарсан байдаг. Харин Стандарт банкны 90 хувь нь Хятадын эдийн засгийн том алуурчид. Наана нь болохоор бидэнд үр шимийг нь хүртээнэ, Засгийн газар дээр том Ажлын хэсэг гарсан гэж сэтгэл санаагаар тоглож, цаг хожиж байна.
Өвөг дээдэс маань халуун амь, бүлээн цусаараа тамгалж үлдээсэн энэ том баялгийг бид хэсэг нөхдүүдээр тоглуулаад, энэ хэвээр нь үлдээмээргүй байна” гэлээ.

Эдгээр төрийн бус байгууллагууд Улаанбаатар хот дахь “Оюутолгой” компанийн төв байрны үүдэнд 10 хоног иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа бөгөөд одоогоор 8,000 гаруй иргэн гарын үсгээ зуржээ.