Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Захиалгат аллагын бүлгийн толгойлогчийг Австриас ОХУ-д шилжүүлж өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийтдээ 60 гаруй удаагийн аллагатай холбоотой гэгддэг гэмт хэргийн бүлгийн босс Аслан Гагиевыг Австри улсаас ОХУ-д шилжүүлж өгчээ.

Түүнийг Оросын орчин үеийн түүхэнд хамгийн том захиалгат аллагын эзэн гэж үздэг. Гагиевыг өчигдөр буюу Лхагва гарагт Оросын аюулгүй байдлын албаныхан ердийн агаарын тээврийн нислэгээр Москвад авч ирсэн байна.

Түүнийг Орост олон тооны гэмт хэрэгт буруутган шүүх бөгөөд бүх насаар хоригдох ял авах нь тодорхой болжээ.

Хуучин ЗХУ­-ын Гүржийн уугуул Аслан Гагиев 2004 онд 50 гаруй гишүүнтэй захиалгат аллагын бүлэг байгуулж байв. Хэвлэлүүдээр “алуурчдын арми” гэж нэрлэгддэг байсан түүний бүлэг голдуу Хойд Осети, Москва орчимд захиалгаар хүн алдаг байжээ. Тэдний хохирогчдын дотор Владикавказ хотын дарга Виталий Караев, Хойд Осетийн дэд захирагч Казбек Пагиев болон хуульчид, банкирууд, бизнесмэнүүд багтаж байна.

Гагиев 2013 онд ОХУ-аас зугтаж, 2015 онд Вена хотод баригджээ. Тэр цагаас хойш Австрийн тал түүнийг ОХУ-д шилжүүлэхээр ажиллаж эхэлсэн боловч хууль эрх зүйн олон асуудалтай тулгарч байв. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүнийг шилжүүлэх шийдвэр гарсан ч өмгөөлөгч нь Гагиевыг онгоцоор нисэхээс айдаг өвчтэй гэсэн эрүүл мэндийн тодорхойлолт гаргаж өгснөөр саатал гарсан юм.

Одоо өмгөөлөгч нь Европын Хүний эрхийн шүүхэд хандаад байна. Гагиевын баруун гар Олег Гагиев болон бусад гол хүмүүс нь одоо ОХУ-д бүх насаар хоригдох ял эдэлж байгаа юм. Алуурчдын бүлгийн 20 хүнийг хуулийнхан баривчилж, 13-ыг шалгаж байгаа бол есөн гишүүн нь баригдалгүй зугтаж яваа ажээ.

 

Эх сурвалж: Russia Today