Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨНИЙН МУЗЕЙ ажиллана

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Чойжин ламын сүм музей ирэх долоодугаар сарын 4, 5-ны өдөр 20:30-00:00 цагийн хооронд ажиллахаар төлөвлөжээ. Энэ өдрүүдэд “Шөнийн музей-Colors of Mongolia” үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Шөнийн музейд ирснээр “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан соёлын биет болон биет бус өвийг нэгэн дор үзэж, сонирхох боломжтой. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглолтоо толилуулах юм байна. Одоогоор тасалбарын үнэ тогтоогүй байгааг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.
 

Тус музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” үйл ажиллагааг “Хөсөгтөн хамтлаг”, “Морин хуурын чуулга”, “Улаанбаатар чуулга” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулж байжээ.

Чойжин ламын сүм музей нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, О.Жамъян гүний гудамжны урд хэсэгт, Гэндэнгийн гудамжны хойд хэсэгт байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс урагш 350 метр зайд оршдог билээ.