Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

YouTube-тэй өрсөлдөхийн тулд Instagram нэг цагийн урттай видео нийтэлдэг боллоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Instagram сошиал сүлжээ өөрийн үндсэн аппликэшнд нэг цаг хүртэл урттай видео бичлэг нийтлэх IGTV нэртэй боломж нэмж байгаагаа өчигдөр зарлажээ.

Бас зөвхөн үүнд зориулсан тусдаа аппликэшн гаргахаар болсон байна. Ойрын өдрүүдэд шинэ боломжийг бүх хэрэглэгчдийнхээ гар утсанд хүргэх гэнэ.

Энэхүү шинэ боломжийг Instagram компанийн гүйцэтгэх захирал Кэвин Систром өчигдөр Сан Францискод болсон нэгэн арга хэмжээн дээр зарласан юм. Үүнээс яг таван жилийн өмнө тус компани видео бичлэг оруулах боломжтой болсноо анх удаа зарлаж байжээ.

Instagram-ийн эцэг компани Facebook өөрийн гол өрсөлдөгч Google-ийн YouTube платформтой өрсөлдөх зорилгоор уг боломжийг нэмсэн нь гарцаагүй юм.

АНУ-ын дижитал зар сурталчилгааны зах зээлийн 17 хувийг видео бүрдүүлдэг тухай eMarketer судалгааны компани мэдээлсэн байдаг. Мөн гар утаснаас видео үзэх хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байгаа.

АНУ-ын өсвөр үеийнхний 72 хувь нь Instagram хэрэглэдэг гэсэн бол YouTube-ийг 85 хувь нь хэрэглэдэг гэсэн тоо бий.

Өчигдөр бас Систром өөрийн сүлжээний хэрэглэгчийн тоог анх удаа нэг тэрбумд хүрснийг зарлажээ.

 

Эх сурвалж: Quartz