Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн шинэ зам ашиглалтад орлоо

ikon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гадна тойруугийн авто замын сүлжээг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын 4 дүгээр хэсэг болох Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд 3 км авто зам барих ажил дуусаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэ зам нь нийтдээ 3 км урт, зорчих хэсгийн урт нь 7 метр, хоёр талаараа явган хүний замтай.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлсэн. Ингэснээр бид хамгийн эхний замын бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын эхээр хүлээн авч байсан. Урд нь зам, барилгын ажлыг намар 9, 10 дугаар саруудад цас орж байгаатай зэрэгцэн дуусгаж, хүлээлгэн авдаг байсан. Бид урин дулаан цагийг ашиглаж, бүтээн байгуулалтын ажлыг хурдан явуулах зорилго тавин, хоёрдугаар сард тэндэрээ зарлаад, дөрөвдүгээр сард дүгнэж, наадмын өмнө гол зам, барилгуудаа хүлээж авна гэсэн зарчим барьж ажиллаж байгаа.

Нийслэлийн Засаг даргын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадна тойруугийн зам барина гэж тусгагдсан байгаа. Гадна тойруугийн хамгийн ачаалалтай зам нь Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэл. Бид хотын баруун хойд талаас зүүн хойд тал руу явахын тулд төвийн замыг сонгон явдаг байсан бол гадна тойруугийн зам ашиглалтад орсноор ачааллыг өөр дээрээ авах болно. Энэ зам бүтэн ашиглалтад орох нь Сэлбэ гол дээгүүр барьж буй гүүрээс хамаарна. Гүүрийн ажил үндсэндээ дууссан. Хайлааст, Дарь-Эхийн уулзварыг холбох хоёр талын газар чөлөөлөлтийн ажил удаашралтай байгаа ч наадмын өмнө чөлөөлж дуусгана.

 

Түүнчлэн Улаанбаатар хотыг дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг шулуун гаргадаг хурдны замууд шаардлагатай байгаа. Үүнийг хийхээр төлөвлөж байна. Мөн хотын дундуур өнгөрч байгаа төмөр замыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал байна. Ажлын хэсэг төмөр замын доогуур гүүрэн гарц хийхээр төлөвлөж байна. Зөвхөн жижиг авто машин бус автобус, том оврын авто машин явах боломжтой иж бүрэн инженерийн байгууламж барих бодолтой байгаа. Бидний судалгаагаар 13 хэсэгт ийм гүүрэн гарц хийж болохоор байгаа юм. Эхний ээлжинд 3-4 гүүрэн гарцын ажлыг энэ намраас эхлүүлье гэж төлөвлөж байна” хэмээлээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс