Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын суурь үнийг зарим газарт 2 дахин буурч, хотын төв хэсэгт хэд дахин нэмэгдэхээр тогтоосон"

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэчлэн тогтоолоо. 

Энэ тогтоол 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Газрын суурь үнийг анх 1997 онд баталснаас хойш бид 21 жилийн турш хэрэглэж ирсэн. 1991 оноос хойш манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр бүтэц өөрчлөгдөж газрын тухай хууль, газар хувьчлалын тухай хуулиуд гарсан. Өнөөдрийн байдлаар энэ хуулийг өөрчлөх шаардлагатай байна.  Өөрөөр хэлбэл 21 жилийн дараа газрын үнийг өөрчилж байна. 

1997 онд баталсан хуулиар Монгол Улсын газар нутгийг хангайн уулархаг бүс, алтайн уулархаг бүс, хээр талын бүс, талын бүс гэж дөрөв хуваагаад тариалан, бэлчээр, хадлан гэсэн гурван чиглэлд үнэлгээ тогтоож мөрдөж ирсэн. 

Улаанбаатар хотын хувьд нийтдээ 440 сая төгрөгийн ганцхан үнэлгээг мөрдөж ирсэн юм. Энэ үнэлгээ бол өнөөдөр бидэнд тохирохгүй учраас Засгийн газрын хуралдаанаар бид өөрчиллөө. 

Дээрх хөдөө аж ахуйн дөрвөн бүсийг 31 бүсэд хуваарилсан ба  дээрхи гурван чиглэлээр үнэлгээ тогтоогоод мөрдөж байгаа юм. 

Улаанбаатар хотын газрыг хотын төв, хотын зах, нийгмийн дэд бүтэцтэй гэж ангилж нийтдээ 16 бүсэд хуваарилсан. 17 зорилгоор газрын үнэлгээ тогтоогдсон. Тухайлбал улсын төсвийн байгууллага авбал нэг үнэ, орон сууц барих бол өөр үнэ  гэх мэт 17 зориулалтаар 16 бүсэд хуваарилаад ангилсан. 

Ирэх жилийн нэг сарын нэгнээс эхлээд мөрдөхөөр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоол гарснаар бодитоор эдийн засгийн эргэлтэд орно. 

Суурь үний хувьд орон нутгийн бүх шатнаас судалгаа авч, олон удаагийн хэлэлцүүлгээр суурь үнийг тогтоосон. Ингэснээр газрын суурь үнэ зарим газарт хоёр дахин буурч, өндөр үржил шимтэй, хотын төв хэсэгт хэд дахин нэмэгдсэн үнэ тогтож байгаа юм. 

Хууль хэрэгжсэнээр иргэдэд ямар нэгэн дарамт учрахгүй,  иргэдэд төлбөр нэмэгдэхгүй, газрын үр шимтэй холбоотой, хотын төв хэсэгт дэд бүтэцтэй холбоотой, нийгмийн үйлчилгээ сайтай газарт газрын үнэ өсч байгаа юм" гэв.