Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батдэлгэр: Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг балетийн урлагаар үзүүлж байгаа нь онцлог юм

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны тухай өгүүлэх “Тэнгэрийн ташуур” балет энэ сарын 23,24-ний өдөр УДБЭТ-ын тайзнаа дахин тоглогдохоор боллоо.

Уг бүжгэн жүжгийг Хүннү гүрэн үүссэний 2220 жилийн ойд зориулан зохиолыг  Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяандагва, хөгжим болон бүжиг дэглэлтийг СТА А.Батдэлгэр  нар 2011 онд анх найруулан тавьж байсан юм.

Гэрэл зургийг mpa.mn

“Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолч, СТА А.Батдэлгэр  “Тэнгэрийн ташуур” балет хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй Монголын үндэсний балет юм. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг балетийн урлагаар үзүүлсэнээрээ онцлог юм. Хөгжмийн найруулгын хувьд бага зэрэг шинэчлэгдсэн” гэв. 

Харин удирдаачаар АНУ-ын Стенфордийн их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Кэй ажиллах юм. Тэрээр уг балетын  анхны тавилт дээр ч мөн адил ерөнхий удирдаачаар ажиллаж байжээ. 

Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр “Тэнгэрийн ташуур” Атилла балет дахин тоглогдож байгаад баяртай байна. Би 2011 онд хөгжмийн зохиолч А.Батдэлгэртэй анх удаа танилцаж байсан юм. Түүнийг балетаар хичээллэж байсан ба  өөрөө энэ балетын хөгжмийн зохиолыг бичиж найруулан тавьсныг хараад их сонирхолтой санагдаж байлаа. 
Энэхүү балетыг олон улсад гаргавал их амжилт олно гэж бодож байна.

Ялангуяа Унгар, Туркт Атилла хаан их алдартай байдаг. Монголын симфони хөгжимчид  уран бүтээлчидтэй хамтран ажиллахад гайхалтай байдаг. Харин симфони найрал хөгжмийн зэмсгийг аажмаар шинэчлэх нь зөв гэдгийг хэлмээр байна” гэлээ. 

Атилла хааны дүрд УДБЭТ-ын гоцлол бүжигчин Т.Хан-Очир, Д.Нацагдорж нар тоглоно

“Тэнгэрийн ташуур” балетад 2011 онд Атилла хааны дүрийг бүтээсэн МУГЖ Х.Мөнгөнхүлэг "Атилла хааны тухай түүхэн балетын санаа 2011 онд гарч, гайхалтай жанжны дүрийг бүтээх завшаан тохиосон. Атилла хаан бол Ромын хаадын нүүр рүү  нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг авсан гэдэг.  

Атилла хааны алдар сүр, хүч чадал, эр зоригийг харуулж, хэрхэн тулалдаж байсныг бүжгэн жүжгээр харуулахыг хичээсэн. Энэ удаагийн Атилла хааны дүрд УДБЭТ-ын гоцлол бүжигчин Т.Хан-Очир, Д.Нацагдорж нар тоглож байна. Тэс өөр төрлийн Атилла хааны дүр гарах байх гэж найдаж байна. Мөн УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА Б.Баасансүрэн, СТА Б.Саруул нар Атилла хаанаас эцгийнхээ өсийг авах гэж буй Ильдико бүсгүйн дүрийг бүтээх юм” гэж хэллээ. 

Гэрэл зургийг mpa.mn

Уран сайхны удирдаач Б.Түвшинбат ““Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжиг бол үндэсний балет, үндэсний хөгжим гэдгээрээ маш их ач холбогдолтой. АНУ-ын удирдаач Жин Дон Кэй дахин удирдаачаар оролцохоор болсон нь таатай байна. Мөн өөрөө бүжгээ дэглэж, багшилж, хөгжмөө гаргасан А.Батдэлгэр маш их ачаалалтай ажиллалаа. Энэ удаагийн тоглолтод ОХУ-д Балетийн сургуулийг төгсөж ирсэн 11 шижигнэсэн залуус оролцож байгаа юм. 

Гадаа халуун, театр дотор ч бас буцлам байна. Дуурийн театрын хэдхэн тоглолт үлдсэн байна. Энэ сарын 28,29-нд дуурийн өдрүүдэд зориулан  Богема дуурь, Чой чой сан дуурийг тоглох болно. Зургаадугаар сарын 30-нд гала тоглолт хийхээр төлөвлөж байна. 

Мөн долоодугаар сарын нэгний өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас жил бүр “Best of classic” цэнгүүнээр ард түмэндээ наадмын өмнө бэлэг барих болно” гэв.