Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Амиа алдсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас тархиндаа гэмтэл авсан байжээ"

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цагдаагийн ерөнхий газар хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуун “Нийслэлийн БЗД-ийн 79 дүгээр дунд сургуулийн хашаан дахь хөлбөмбөгийн талбай дээр 10-11 насны таван хүүхэд тоглож байсан. Тэдний хаалгач хийж байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг БЗД-ийн Цагдаагийн мөрдөн байцаах III тасаг шалгаж байна” гэлээ. 

Байгууллага, аж ахуйн нэгж буюу бусдын хариуцлагагүй, хүүхдэд ээлгүй орчноос бол энэ онд хоёр хүүхэд амиа алджээ. Тодруулбал, БЗД-ийн 21 дүгээр хороонд Сэлбийн гол орчимд зам, гүүрийн засварын ажил явагдаж буйтай холбоотой далан барьж, 100 орчим метр урт, 15 метр өргөн, 3-4 м гүнтэй цөөрөм үүсчээ. Уг цөөрөмд таван хүүхэд сэлж байгаад есөн настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг мөн энэ сард гарсан байна. 

Хүүхэд хохирсон хэргүүдийг аваад үзвэл эцэг, эхийн хараа хяналт сул бөгөөд гэр бүлийн орчинд байхдаа гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөж, хохирч байгааг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар тодотголоо.