Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Korean Air”-ийн эзэгтэйг баривчлах үгүйг Сөүлийн шүүх өнөөдөр шийднэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Филиппин гэрийн үйлчлэгчдийг хууль бусаар гэртээ ажиллуулж байсан хэргээр “Korean Air” компанийн ерөнхийлөгчийн эхнэрийг баривчлах эсэх шийдвэрийг Сөүлийн шүүх өнөөдөр гаргахаар болжээ.

Даваа гарагт прокурорууд түүнийг баривчлах хүсэлтээ гаргасан юм. Тус компанийн ерөнхийлөгч Чо Ян Хогийн эхнэр, 69 настай Ли Мюн Хэ сүүлийн 10 жилийн хугацаанд 20 орчим гэрийн үйлчлэгчийг зориулалтын бус визээр Филиппинээс ирүүлэн ажиллуулж байсныг шалгаж тогтоосон байна.

Прокуророос түүнийг хоёр дахь удаагаа баривчлах хүсэлт гаргасан нь энэ юм.

Өмнө нь Ли хатагтайг ажилчдаа зодож, дарамталсан хэргээр баривчлах хүсэлт гаргасан боловч шүүх зөвшөөрөл өгөөгүй байна. “Korean Air” компанийн эзэн гэр бүлийн гурав дахь гишүүн ийнхүү хэрэгт холбогдоод байгаа юм.

Тэдний хоёр охин өмнө нь ажилтнуудаа зодож, танхайрсан хэргээр шалгагдаж, нэг нь шийтгүүлж байв. Ли Мюн Хэ гэрийн үйлчлэгчдийг сургалтын визээр ирүүлж, гэртээ ажиллуулж байжээ.

Гэрийн үйлчлэгчээр ажиллах виз авахын тулд гадаадын иргэн нь нэг бол Солонгос үндэс угсаатай, эсвэл Солонгос хүнтэй гэр бүл болсон байх ёстой гэнэ.

Мөрдөгчид түүнийг “Korean Air” компанийн хүний нөөцийн алба, Манила хот дахь салбараар дамжуулж, ажиллах хүч олж авдаг байсан гэж сэжиглэжээ.

Эдгээр алба нэгжүүдийн ажилтнуудыг мөн шалгаж байгаа юм байна. Сөүл хотын төв дүүргийн шүүх баривчлах шийдвэрийг өнөөдөр орой, эсвэл маргааш өглөө гаргаж танилцуулах төлөвтэй байгааг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News