Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаачдыг хүүхдээс нь тусгаарлах Трампын бодлогыг Технологийн лидерүүд эсэргүүцлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-Мексикийн хилээр нэвтэрсэн цагаачдын хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлан хорих арга хэмжээ нэвтрүүлээд байгаа Трампын засаг захиргааны бодлогыг Америкийн технологийн компаниудын удирдлагууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байна.

Өнгөрсөн сараас эхлэн АНУ-ын хил хамгаалахынхан 2,000 гаруй хүүхдийг гэр бүлээс нь салган торны цаана хорьж байгаа юм. Хоригдож байгаа хүүхдүүдийн гэрэл зураг, уйлалдаж буй дуу чимээний бичлэг сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаж, олон нийтийг ихээр бухимдуулаад байна.

Өчигдөр Apple компанийн CEO Тим Күк “Irish Times” сонинд “Хүүхдүүдийн дууг сонсож, зургийг нь үзэх үнэхээр зүрх эмтэрмээр байна. Хүүхэд бол нийгмийн хамгийн эмзэг хэсэг. Энэ хүмүүнлэг бус явдлаа даруй зогсоох хэрэгтэй” гэж ярьжээ.

Түүнээс гадна Facebook, Microsoft, Twitter, Uber, YouTube зэрэг технологийн томоохон компанийн удирдлагууд Трампын засаг захиргааны хатуу арга хэмжээг эсэргүүцэж, зарим нь хүүхдүүдэд туслах хөдөлгөөн өрнүүлж, хөрөнгө цуглуулах ажил эхлээд байна.

Өчигдөр бас Uber компанийн гүйцэтгэх захирал өөрийн хуульчдын багийг хил рүү илгээж, тусгаарлагдсан гэр бүлүүдэд эрх зүйн тусламж дэмжлэг үзүүлэхээр болсноо зарлажээ.

Мөн Microsoft компанийн ажилтнууд АНУ-ын Цагаачлал, Гаалийн албатай хамтран ажиллаж байгаа тус компанийн төслийг зогсоохыг шаардсан байна. Технологийн салбарынхнаас гадна АНУ-ын экс тэргүүн хатагтай нар хүүхдүүдийг эцэг эхээс нь салган зовоож байгаа явдлыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаад байгаа. Дональд Трампын эхнэр, тэргүүн хатагтай Меланиа хүртэл нөхрийнхөө засаг захиргааны энэ арга хэмжээг шүүмжилсэн мэдэгдэл гаргасан юм.

Гэвч Дональд Трамп уг асуудлыг шийдвэрлэхэд өөрийнх нь хүч нөлөө дутаж байгаа, өрсөлдөгч Ардчилсан Намынхныг уг үйл ажиллагаанд буруутай хэмээн мэдэгдэж, элдэв шалтаг хэлсээр байна.

 

Эх сурвалж: Mashable