Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Муратыг авч үлдсэн тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Байнгын хороо хүлээн авлаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 13-нд Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьсан билээ.

Түүний хоригийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. Байнгын хороо 10 гишүүнтэй буюу 52.6 хувийн ирцтэй хуралдсан юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Би сая Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд сууж байгаад орж ирлээ. Яг энэ асуудлыг, ямар процесс яаж явах талаар Хуульзүйн байнгын хорооны гишүүд ярилцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан тохиолдолд өмнөх тогтоол буюу 45 дугаар тогтоол хүчингүй болно. Ингээд холбогдох тогтоолуудад  өөрчлөлт оруулж, шинээр тогтоолын төсөл бэлдэх шаардлагатай. 

Д.Мурат гишүүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, гишүүнээс түдгэлзүүлсний дараа хууль хяналтын байгууллагаар хэрэг нь шалгагдаад буруугүй нь тогтоогдвол түдгэлзсэн гишүүний бүрэн эрх ахин сэргээд хэрэгжиж эхлэх ёстой. Харин гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд чөлөөлөх тогтоол гарах байх.  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудал дахин яригдана гэж ойлгож байгаа. Гишүүд энэ процессын талаар нэгдсэн ойлголттой болсны дараа хөдлөхгүй бол хуулийн мухардалд орох эрсдэлтэй гэдгийг хэлмээр байна" гэв. 

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор өөр асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй учир санал хураалт явуулж, Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн 45 дугаар тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг 80 хувийн саналаар хүлээн авлаа.

Харин Д.Гантулгын асуудалтай холбоотой эрхзүйн үр дагавар байхгүй учраас ерөнхийлөгчийн 47 дугаар хоригийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэлгүй шууд хүлээн авлаа. Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгч, зургаадугаар сарын 14-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг гишүүнээс чөлөөлөгдсөн билээ.

Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.

Ерөнхийлөгч хориг тавьсан Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолууд:

  • Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол
  • Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолуудад хориг тавигдаж байна.  

Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан нөхөн сонгуулийн асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо санал дүгнэлтээ боловсруулж амжаагүй учраас хойшлууллаа.