Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Заяасайхан: Уран бүтээл гэдэг тэр хүний хамгийн сайн талынх нь сүүдэр

Ц.Золзаяа
2018 оны 6 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын дүрслэх урлагийн нэгэн тод өнгө бол яалт ч үгүй зураач С.Заяасайхан. Тэрбээр тун удахгүй эх орондоо “Time Machine” өөрийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байгаа. Арлын Японд суурьшиж уран бүтээлээ туурвих болсон тэр дэлхийн 20 гаруй оронд үзэсгэлэнгээ дэлгэсэн, бас Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулж буй цөөн хэдэн уран бүтээлчийн нэг билээ.

-Анхны үзэсгэлэнгээ гаргаснаас хойш та Монголд 15 жилийн дараа буюу 2016 онд үзэсгэлэнгээ гаргаж байсан. Харин та одоо тун удахгүй “Time Machine” үзэсгэлэнгээ нээх гэж байна?

-2016 оноос хойш Монголдоо ирэн очин байлаа. Нэг ирэхдээ дөрвөн cap амьдарч үзлээ. Урьд нь жилд нэг л ирдэг байсан бол одоо хоёр, гурав ирж байна. Ээжийн минь нас явж байна. Хамаатан садныхаа хүмүүсийг эргэж тойрох шаардлага байна. Хоёрт, уран бүтээлийн хувьд, монгол хүний хувьд үндэс гарал руугаа тэмүүлсэн. Миний хийж байгаа контент энд л байгаа шүү дээ. Түүнтэйгээ холбоотой байх гэсэн шалтгаанууд байгаа л даа. Хүний төрсөн нутаг сайхан шүү дээ.

-Японд суурьшаад хэр удчихав аа?

-11 жил болж байна.

-“Time Machine” үзэсгэлэнгийн бүтээлүүд өнгөрсөн хоёр жилийн тань ажил уу?

-Тийм. Хоёр жилийн дотор ойролцоогоор 30-аад бүтээл хийсэн. Тэнд 24 шинэ, хоёр гурван хуучны ажил бий.

-Үзэсгэлэнгээ дэлгэх хугацаа төлөвлөсөн давтамжтай байдаг уу. Эсвэл та өөрөө “Бэлэн боллоо” гэсэн үедээ гаргадаг уу?

-Хамтарсан үзэсгэлэнгүүд бол төлөвлөгөөний дагуу явдаг. Бие даасан үзэсгэлэнгээ бүтээл бэлэн болсон цагт л гаргадаг. Уран бүтээл гэдэг тэр болгон хүчилснээр юм уу, зүтгээд гаргаад ирдэг зүйл биш л дээ. Хүүхдийн төлөвшил явагддагтай ижил зүйл.

-2016 онд Японы шивээсний нэрт мастер “Хорёоши-3”-тай хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ талаар ярьж болох уу?

-“Хорёоши-3”-ын нэрийг Ёшихито Нагано гэдэг. Японы шивээсний гурван үеийн мастер. Японы “Нихонго” гэж зураг байдаг. Манайхаар бол бараг л монгол зураг гэсэн үг. Мөн тэр зургийн мастер. Маш олон фэнтэй, дэлхийд танигдсан хүн. 1980, 1990-ээд оны алдартай субкультура бүхий л ододтой хамтран ажиллаж байсан. Одоо ч гэсэн ажиллаж байгаа. Миний хувьд сайн ах. Мөн уран бүтээлийн найзууд. Японд байхад надад их тус дэм болдог. Орчуулбал, “Цог зальт чоно” гэсэн нэртэй хамтарсан үзэсгэлэн гаргасан. Ийм нэртэй самурайгийн тухай кино байдаг. “Долоон самурай"-гийн дараа нь гарсан.

Манайхаар бараг “Цогт тайж” шиг алтан үеийн кино байдаг. Тэр хүн самурайн соёлд их дуртай, Бушидогийн тухай маш их уншиж судалсан. Амьдралынх нь бас нэг үнэт зүйл нь самурайгийн соёл юм шиг байгаа юм. Ёшихито Нагано хамгийн анхны хамтарсан үзэсгэлэнгээ Сорияами Хажимэ гээд “Star War” киноны зураачаар ажиллаж байсан хүнтэй хамтран гаргасан. Сорияами Хажимэ “Sony” группийн робот нохойны дизайныг гаргаж байсан дэлхийд танигдсан уран бүтээлч юм. Энэ үзэсгэлэнгээ гаргасныхаа дараа надад санал тавьсан. “Миний хувьд анх удаа гадаад зураачтай хамтарсан үзэсгэлэн болж байна" гэж тэр хэлж байсан.

-Тэр үзэсгэлэн ямар сэдэв дээр төвлөрч байсан бэ?

-Самурайгийн цуврал зургууд. Миний зургууд контентын хувьд мэдээж бага зэргийн монгол үнэртэй. Байгаль, хүн хоёрын холбоос ч юм уу тийм цуврал зургууд байсан.

-Монголд бурхны шашин эргээд дэлгэрч байх үед таны бага нас өнгөрсөн. Тэгээд ч тэр үү бурхан зурах сонирхолтой байсан гэсэн. Энэ нь таны бүтээлд нөлөөлсөн үү?

-Нөлөөлөлгүй яахав. Бурхны тухай яривал том сэдэв. Амьдралд бүх хүмүүс санаатай болон санаандгүйгээр өөрийн бурхнаа хайж байдаг. Уран бүтээлч хүн ч гэсэн бүтээлээ хийж байхдаа бурхантай хамт хийдэг. Франсис Бэкон “Бурхан байдаг уу” гэсэн асуултад “Байдаг. Гэхдээ тэр зөвхөн намайг ажиллаж байх үед байдаг гэж хэлсэн байдаг шүү дээ.

-Дүрслэх урлагийн дээд сургуульд эхний удаа шалгалт өгөхдөө тэнцээгүй гэж байсан. Хэрэв өөр мэргэжил сонгосон бол одоо юу хийж байх байсан бол?

-Ёстой төсөөлж байгаагүй юм байна. Нэгт, надад бизнес хийх чадвар байхгүй. Хоёрт, улстөрч болж чадахгүй. Гуравт, их сэтгэл хөдлөлтэй хүн учраас сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж нь оюун санаа, бодлоосоо ил үү түрүүлж явж байдаг. Өөрийнхөө зан аашийг харахад компани, офиссын ажилтан болохгүй уран бүтээлч л болох байсан байх. Зураг зурдаггүй юм аа гэхэд ядахнаа нэг урлагийн талаар ярьдаг хүн болох байсан биз. (инээв)

-Ажлын онцлогоос шалтгаалан олон нийтээс өөрийгөө тусгаарлах нь уран бүтээлд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Амьдрал уран бүтээл хоёр бүхэл зүйл. Хүний сүүдэртэй ижил. Гэхдээ зураг зурахад асар их төвлөрөх шаардлага гардаг. Тэгж л сайн бүтээл гарна. Төвлөрөхийн тулд ер нь тусгаарлах шаардлагатай. Миний хувьд хоёр гурван cap сайн суусны дараа хоёр гурван cap зогсчихдог. Хүн юм болохоор найзалж нөхөрлөнө. Нийгэмтэй холбоотой байхыг хүснэ. Янз янз. Муу энергитэй хүнтэй уулзвал ядарчихна. Амьдрал богинохон юм чинь болж өгвөл зөв хүмүүстэй уулзаж, цагийг өнгөрөөхийг хүснэ шүү дээ.

-Эмэгтэй хүнийг баатарлагаар зурах сэдэл юунаас эхлэлтэй вэ?

-Оюутан байхдаа Монголын нууц товчоо мөн Монголын түүхтэй холбоотой номууд уншиж байсан. Түүхийг эмэгтэй хүмүүс авч явсан байдаг Улс төр, байлдан дагуулалт, төрийн ажилд гээд бүх юмны цаана эмэгтэй хүн байдаг. Хэд хэдэн гоё түүх байдаг шүү дээ. Мандухай сэцэн хатан, Ану хатан, Сорхугтани Бэхи байна. Тэдний нөлөө чухал. Дээрээс нь өнөөдрийн амьдралыг харахад ч гэсэн монголын ахуй амьдралыг эмэгтэйчүүд үүрч явж байгаа харагддаг.

Маш олон сэдлүүд байгаа. Эмэгтэй хүн өөрөө их баялаг ертөнц. Эмэгтэй хүнээр дамжуулан олон зүйлийг илэрхийлж болно. Нэг талаараа би эмэгтэй хүн зураад байгаа мэт боловч нөгөө талаараа эмэгтэй хүний дүрслэлээр дамжуулж өөр өөр мэдрэмжүүд л илэрхийлэхийг хүсээд байгаа юм.

-Монголын түүхийн аль үе таны сонирхлыг илүүтэй татдаг вэ?

-Сүүлийн зуун жил буюу 1900-аас хойш үе. Тусгаар тогтнож байгаа, тусгаар тогтнолоо хамгаалж байгаа, тусгаар тогтнолоо алдсан энэ үеүд. Дээр нь хоёр дахь социалист орон болсон үе. Дараа нь эрх чөлөөг олж авч байгаа нь маш адармаатай түүх. Ялангуяа социалист нийгмийн үе. Лидерүүд нь хойно очиж хороогддог гээд үүнийг хүн бүрийн мэдэх ёстой түүх гэж боддог. Маш олон гэрээ хэлэлцээр дунд өвөг дээдэс маань тусгаар тогтнолоо яаж ийгээд аваад гарсан байдаг. Өмнөх үеийн түүхээ дахин дахин унших шаардлагатай юм шиг санагддаг.

-Аав болсноор уран бүтээлчийн хувьд гарсан өөрчлөлтийн талаар?

-Маш том өөрчлөлт гарсан. Ер нь бол эцэг болохоосоо өмнө өөрийгөө л боддог шүү дээ. Эцэг болсны дараа өөрөөсөө өөр хүн бодох шаардлагатай болчихдог. 

Амьдралыг их гэрэл гэгээтэйгээр харахыг хүснэ. Ирээдүйгээ л харахыг хүснэ. Гэр бүлгүй хүн өөрийнхөө эргэн тойронд байгаа проблемыг л хардаг. Бодвол өөрийнхөө тухай л бодно. Гэр бүлтэй болчихвол бусдын төлөө амьдрах зайлшгүй шаардлага гарч ирдэг. Нэг ёсондоо сэтгэлээрээ их том хүн болох шаардлагатай. Тэр хэмжээгээрээ уран бүтээл хийж байгаа бүх зүйлс чинь томордог л байхгүй юу. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал маш том эерэг шалтгаан өгдөг.

Уран бүтээлч хүн өөрийн онцлогийг мэдэрч, хөгжүүлэх нь зүйтэй юм шиг. Энэ талаарх таны бодол?

-Дуучин хүн байлаа гэхэд хэчнээн гоё хоолойтой байгаад буруу дуу сонгочихвол явахгүй шүү дээ. Ерөнхийдөө надад өнгөний дажгүй мэдрэмж байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Давуу тал дээрээ ажилласаар ч ирсэн. Одоо ингээд хараад байхад цаг хугацаа их хурдан өнгөрч байна. Хүн юу ч хийж байж болно. Цаг хугацааныхаа давалгаан дотор цуг эргэх их чухал. Заавал шинэ зүйл хийх гээд зүдрээд байх шаардлагагүй. Юу ч хийсэн урьд нь чиний хийсэн, сэтгэснийг хийсэн байгаа.

Тийм болохоор урьд нь хийсэн юмаа давтахгүй л байх хэрэгтэй. Тэгж байж дараагийн шинэ алхам руугаа явна л даа. Тиймэрхүү ердийн зарчмууд баримтлаад байхад уран бүтээлч хүн хөгжөөд яваад байдаг. Ялангуяа дүрслэх урлагт юм төгс байх албагүй. Их гүйцэтгэлтэй байх ч албагүй. Гол нь өөрийнхөө хувьд шинэ юм хийе гээд зорьж явахад гаргасан ямар ч алдаа эргээд харахад алдаа биш хэв маяг болж харагддаг байхгүй юу.

-“Өөрийн дуртай уран зураг, гэрэл зургуудыг ханандаа өлгөсөн байдаг” гэж таны нэг ярилцлагад байсан л даа. Тэнд ямар өгүүлэмжтэй зургууд байдаг вэ?

-1920-иод оны өмнө, хойш үед хэдэн жилийн дотор Хүрээнд хоёр фото зурагчин байж л дээ. Нэг нь хятад, нөгөө нь орос. Хүмүүс хөдөө гаднаас ирээд дурсгалын зураг авхуулдаг байж. Тэндээс архивт үлдчихсэн янзын гоё цоглог нүдтэй сайхан хүмүүс байдаг. Ганган гэж жигтэйхэн. Би тэр зургуудыг хүүхэд байхдаа харж байгаагүй. Нийгэм солигдсоны дараа ил гарсан байхгүй юу. Томоорх эвлүүлж авсан, заримыг нь ч хүнээс авсан, бүр ориг зураг ч бий. Тэднийг өлгөчихдөг юм. Тэр зургуудыг харахаар төөрчихсөн хүүхэд, удаан уулзаагүй ахан дүүстэйгээ уулзаж байгаа юм шиг тийм дотно мэдрэмж төрдөг.

Би магадгүй жаахан үндсэрхэг юм шиг байгаа юм. Бид өөрсдийн үнэт зүйл, эх үндэс юу байсан тэрийгээ мэдэхгүй өсчихсөн. Тэр хооронд их том орон зай үүсчихсэн. Тэгээд буцаж мэдэх гэхээр мэдэх, мэдэхгүй баахан холилдсон ярианууд байдаг. Яг тэр “Хүрээ гоёл”, 1920 оноос өмнө авсан гэрэл зургууд уран бүтээлийн их гоё санаанууд өгдөг байхгүй юу. Тэрэндээ дуртай, бүр хайртай. Ямар нэг хэмжээгээр аваад явмаар санаанууд байдаг.

-Хөгжмөөс гадна байгаль, сайхан хүмүүстэй уулзах гээд хүнийг хөглөх зүйлс байдаг шүү дээ. Та алинд нь илүү ач холбогдол өгдөг вэ?

-Хэдийгээр байгаль зурдаггүй ч гэсэн байгальдаа аялах, амрах хэрэгтэй. Тэгж байж тайвширдаг.

-Сүүлийн үед сонсож байгаа хөгжмийнхөө талаар ярихгүй юу?

-Янз бүрийн хэв загварууд хоорондоо хамгийн идэвхтэйгээр холилдож байгаа, маш сонирхолтой үед амьдарч байна. Ялангуяа уран бүтээлч хүний хувьд бүр алтан үе байхгүй юу. Хүн төрөлхтөн сошиал медиагаар дамжуулаад нэгнийгээ асар хурдан мэддэг болчихсон. Ийм үе урьд нь хүн төрөлхтний түүхэнд байгаагүй.

Асар их мэдээллийн эрин зуунд амьдарч байгаатай холбоотойгоор сонсдог хөгжимд гэхэд л маш олон төрлийн урсгал хурдацтай гарч ирж байгаа. Тийм болохоор орчин үеийн холимог хөгжмүүд байна. Тэр төрлүүдийг сонсох их дуртай. Сүүлийн үед энгийн дуунууд сонсож байна. Аль болох урьд нь сонсож байгаагүйгээ сонсохыг хүсдэг дээ.

-Саяхан таны зургийг Хятадад хуулбарласан хэрэг гарлаа. Оюуны өмчийн асуудалд яаж ханддаг вэ?

-Одоо бол эмзэг хандаж байна. Гоё юм хийхийн төлөө насаараа өсөж хөгжсөн болохоос биш өлсөхгүйн тулд гоё юм хийдэггүй байхгүй юу. Асар их мэдээллийг үнэгүй цацчихсан нь миний буруу юм шиг байгаа юм. Ганц БНХАУ-д биш, оюуны өмчтэй холбоотой олон асуудал гардаг. Тэр бүхэнд өөрөө гүйж очоод доошоо ороод байх цаг зав ч алга. Биднийг хамгаалдаг хуульч, байгууллага байх ёстой. Ихэнх асуудлууд ОХУ, БНХАУ, Монголд гарч байна. Япон болон барууны орнууд гайгүй. Магадгүй эдийн засагтай  холбоотой л юм шиг байгаа юм.

-Уран бүтээлч хүнд байх хар, цагааны тухай таны бодол?

-Уран бүтээл гэдэг тэр хүний хамгийн сайн талынх нь сүүдэр байдаг, Муу хүн гэж байхгүй шүү дээ. Муу болоод ирвэл тэр хүнээс гоё юм гарах магадлал бага болоод ирнэ. Өш хонзон, атаа жөтөө өвөрлөж явдаг хүмүүсээс гоё юм гарна гэхэд хэцүү. Сэтгэл санаа туйлын амар амгалан байж уран бүтээл хийнэ. Түүхэнд бол жишээ нь Каравачо гээд зураач миний хувьд муу хүн бол биш. Түүхийн адармаатай нөхцөлд амьдарч байсан мундаг зураач.

Үүнээсээ болоод өөрийн мэдэлгүй асуудалд орооцолдчихсон уран бүтээлчид байдаг болохоос биш яг уран бүтээлээ хийж байгаа хүмүүс бол муу хүмүүс байдаггүй. Харин ч гэнэн, итгэмтгий, цайлган. Юмыг хүндээр бодохоосоо илүү хийсвэр сэтгэлгээ нь хурдан байгаа болохоор хүмүүсийн золиос болох магадлал их байдаг. Тийм түүх байдаг.

-Үзэсгэлэнгээ нээсний дараа тухайлсан ажил, төлөвлөгөө бий юу?

-Сүүлийн хоёр жил бие даасан үзэсгэлэн гаргаагүй. Тиймээс энэ үзэсгэлэнгээ Сингапурт гаргахаар ярьж байна. Сан-Францискод мөн гаргахаар яригдаж байна. Хэд хэдэн саналууд орж ирж байгаа.

-Сонирхоод асуухад хамгийн сүүлд та ямар ном уншсан бэ?

-Т.Бум-Эрдэнэ ахын “Дотроосоо”, “61 ах” номыг уншсан юм байна. Нэг сард Г.Аюурзана ахтай уулзахад нэг шүлгийн ном өгсөн. Сүүлийн зургаан сард гуравхан ном л уншсан юм байна.

Зураг