Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд түүхэндээ анх удаа ДАШТ-ий хэсгийн тоглолтоос шалгарлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Санкт Петрбург хотод болж өнгөрсөн ДАШТ-ий A хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтод ОХУ-ын шигшээ баг Египетийн шигшээг 3:1 харьцаагаар хожлоо.

Ингэснээр Оросууд ЗХУ задарснаас хойш буюу орчин үеийн түүхэндээ анх удаа хэсгээсээ шалгарах болзол хангаж байна.

Тоглолтын 47 дахь минутад Египетийн Ахмед Фатхи өөрийн хаалганд гоол хийж, улмаар 59, 62 дахь минутад Оросын Денис Черышев, Артем Зюба нар дараалан гоол хийж, ялах нь тодорхой болсон юм. Харин 73 дахь минутад Египетийн гол найдвар Мохамед Салах торгуулийн цохилт гүйцэтгэж, нэр төрийн нэг гоолыг хийлээ.

Энэ ялалтаар Оросын шигшээ баг хэд хэдэн түүхийг бичиж байна.

  • 1991 онд ЗХУ задарч, ОХУ байгуулагдсанаас хойш болсон зургаан ДАШТ-ий гуравт нь л тэд шалгарч оролцож байсан. Гэхдээ нэг ч удаа хэсгээсээ шалгарч үзээгүй байв. Тэгвэл өчигдрийн тоглолтын дараа тэд A хэсгээс шалгарах нь тодорхой болж байна. Ирэх Даваа гарагт Самарад тэд Уругвайн багтай тоглож, хэсгээсээ хэддүгээр байраар гарахаа шийднэ.
  • Зүүн жигүүрийн тоглогч Денис Черышев энэ ДАШТ-д гурван гоол хийж, гоолоор тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Одоогоор түүнтэй зэрэгцэж яваа ганц тоглогч нь Португалийн Кристиан Рональдо юм.
  • Оросын баг эхний хоёр тоглолтдоо нийт 8 гоол хийгээд байгаа нь энэ ДАШТ-д тэргүүлэх үзүүлэлт юм. ДАШТ зохион байгуулагч орон эхний 2 тоглолтоос ийм тооны гоол хийсэн нь зөвхөн 1934 оны Италийн шигшээ баг ажээ.
  • Оросуудын хийсэн 8 гоол нь тэдний сүүлийн хоёр ДАШТ-д хийсэн гоолоос илүү гарч байна. 2002, 2014 оны ДАШТ-үүдэд оролцохдоо тэд нийт 6 гоол хийсэн юм.
  • Хамгийн сүүлд 1966 онд Зөвлөлт Холбоот Улс байх үед Оросууд ДАШТ-ий эхний хоёр тоглолтдоо ялж байжээ.
  • Оросын шигшээ баг энэ ДАШТ-ий өмнөх бие халаалтын долоон нөхөрсөг тоглолтоос ганц ч ялалт байгуулж чадаагүй юм.

Ялагдсан Египетийн шигшээ баг одоо Саудын Арабтай энэ ДАШТ-ий сүүлийн тоглолтоо хийж, анхны ялалтаа байгуулах боломж үлдэж байна.

 

Эх сурвалж: FIFA, Russia Today