Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн галт зэвсгийн 40 хувийг Америкчууд эзэмшиж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Швейцарийн Женев хотод төвтэй Graduate Institute of International and Development Studies хүрээлэн “Small Arms Survey” нэртэй дэлхийн 133 орныг хамруулсан галт зэвсгийн судалгаа хийснээ өчигдөр танилцуулжээ.

Ингэхэд АНУ-ын хүн ам дэлхийн хүн амын 4 хувийг бүрдүүлдэг хэрнээ иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийн 40 хувийг эзэмшдгийг уг судалгааны дүн харуулсан байна.

Дэлхий даяар нийт нэг тэрбум гаруй галт зэвсэг байгаагийн 85 хувь нь иргэдийн гар дээр, үлдсэн нь цэрэг арми, хууль цагдаагийн мэдэлд байгаа гэнэ.

Иргэдийн эзэмшиж буй 857 сая галт зэвсгийн 393 сая нь зөвхөн АНУ-д ноогдож байна. Энгийн Америк хүмүүс жил бүр 14 сая шинэ болон импортын галт зэвсэг худалдан авч байгааг судлаачид баталжээ.

Үүнээс гадна бусад улс орнуудад хориотой хүчирхэг галт зэвсгүүд Америкчуудад илүү олон байгаа гэнэ. АНУ-ын 100 иргэн тутамд 121 буу оногдож байгаа бол Канадад 25, Монтенегрод 39, Иеменд 53 байна.

Харин Япон, Индонез улсуудад 100 иргэн тутамд нэг хүрэхгүй галт зэвсэг оногдож, хамгийн доод үзүүлэлттэй байгааг мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP